Шинэ автобус авах ₮183 тэрбумын ТЕНДЕРИЙГ дахин шинээр зарлажээ
НЗДТГ-аас асуудал дагуулсан ногоон автобусны өмнөх тендерийг цуцалж, шинээр тендер зарлаж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2023 оны аравдугаар сарын 20-ны №206(7765) дугаартай “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн НЗДТГ/202310014 Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар хот) тендерийн урилгыг хүчингүй болгож уг тендерийн урилгыг дахин зарлажээ.
Тодруулбал, 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 183 тэрбум 438 сая 632 мянга 900 төгрөгийн тендер зарлажээ. Үүнээс энэ онд 137.6 тэрбумыг нь зарцуулахаар тусгасан байна.
Өчигдөр автобусны тендер, нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Түгжрэл хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийх үеэр "Одоо бид ярихаасаа илүү ажил хиймээр байна. Өчнөөн жил ярилаа шүү дээ. "Ногоон автобус"-ны асуудлыг би сайн мэдэхгүй байна. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шийднэ. Автобус буцаах асуудал надад хамаагүй. Харин түгжрэлийн тухай хуультай болно. Өвлөөс өмнө шинэ автобус оруулж ирнэ" гэж мэдэгдсэн билээ.