Засаг дарга Х.Болормаа төсвийн 154 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр “Нью жуулчин турс“-д шилжүүлжээ
Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгийн газрын 2023 оны шилэн дансны мэдээллийг хүргэж байна. Тус дүүргийн хувьд энэ онд Төрийн сангаас нийт хэдэн төгрөгийн санхүүжилт авсан талаар мэдээллийг бүрэн оруулаагүй байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа төсвийн мөнгөнөөс энэ онд 154 сая төгрөгийг "ГАДААД ТОМИЛОЛТ" нэрийдлээр захиран зарцуулжээ.
Тодруулбал,
- 2023-03-03-нд: Нью жуулчин турс ХХК руу 52,000,000.00 ₮-ийг "гадаад тоилолтоор ажиллуулах",
- 2023-03-03-нд: Нью жуулчин турс ХХК руу 10,500,000.00₮ -ийг "БНХАУ-ын Бээжин хотын Дунчен дүүргийн урилгаар"
- 2023-09-04-нд: Нью жуулчин турс ХХК 91,800,000.00₮-ийг "Албан томилолтоор ажиллуулах" нэрээр нийт 154,300,000 сая төгрөгийг зарцуулсан байна.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар зориулалтаар хэн гэдэг албан тушаалтан ямар ажлаар явсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байж болзошгүй байна.
Тухайлбал, мөнгө шилжүүлсэн газар "Нью жуулчин турс" компани байгаа нь "ГАДААД ТОМИЛОЛТ" нэрийдлээр аялал жуулчлалын чиглэлээр төсвийн мөнгийг зарцуулсан нь тодорхой байна.
Угтаа бол Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр авч байгаа үйлчилгээний болгоноор төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт нь байх ёстой.
Товчхондоо, Засаг дарга Э.Болормаа Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ.
Санаачилж, батлуулсан хуулийг тань хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцно байгаа, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан аа...