ШИЛЭН: Н.Баярмөнх дарга нэг сарын хугацаанд төсвийн 54 сая төгрөгийг “ХООЛНЫ ЗАХИАЛГА“ нэрийдлээр захиран зарцуулжээ
Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад нийслэлийн Баян-Зүрх дүүргийн Засаг даргын тамгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын шилэн дансны мэдээллийг хүргэж байна.
"Наймдугаар сард төсвийн 27 сая төгрөгөөр "Рояал грилл хаус" ресторанаас "ХООЛ" авчээ"
Тухайлбал, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх нэг сарын хугацаанд 54,660,000 ₮ сая төгрөгийг "ХООЛНЫ ЗАХИАЛГА" нэрийдлээр захиран зарцуулжээ.
Тодруулбал,
- 2023-08-11-нд: Хувь иргэнээс 5,043,165.00 ₮-өөр ус,
- 2023-08-11-нд: Хувь иргэнээс 19,200,000.00 ₮-хоол
- 2023-08-25-нд: "Рояал грилл хаус" ресторанаас 27,060,000.00 ₮-аар хоол
- 2023-08-30-нд: ГҮНЖҮ ТӨБО гэх газраас 8,460,000.00 ₮-өөр хоол авч, нийт 59,703,165 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
Мөн наймдугаар сард "Гадаад албан томилолт" нэрийдлээр нийт 21,468,100 төгрөгөөр онгоцны тийз захиалсан байна.
Түүнчлэн "БСБ ОФФИС МЕБЕЛЬ"-ээс 12,572,300.00 ₮-өөр сандал, 7,403,200.00 ₮-өөр ширээ худалдан авчээ.
Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл, ямар зориулалтаар хоол авсан, гадаад томилолтод зарцуулсан талаар мэдээллийг оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл шилэн данс хөтлөлт дутуу хийгдэж байна гэсэн үг юм.
Товчхондоо, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. Засгийн газраас төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн албан тушаалтныг ажил үүргээс нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн билээ.