Ж.Сандагсүрэн: “Акуа гарден“-д захиалга өгсөн иргэдийн хохирлыг ТӨСВӨӨС ШИЙДЭЖ таарах байх
Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа ХУД-ийн 15-р хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны (2блок барилга) удирдлагуудад Нийслэлийн Засаг даргын Албадан буулгах захирамжийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нураах ажлыг мэргэжлийн байгууллагад хандаад шийднэ. Миний хувьд ч гэсэн Монголд ийм өндөр барилга нурааж байсан тохиолдлыг хараагүй. Мэргэжлийн байгууллагуудаас нь шаардлагатай зөвлөмж, тусламжийг авна.
“Акуа гарден”-тай холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. 7844 мкв газарт байрны хоёр блок хамаарагдаж байгаа. Мөн адил энэ хэсгийг албадан буулгах дүгнэлт гарсан. Аль аль талдаа мэдээж хүнд. Миний ойлгож буйгаар 500 гаруй хүн захиалгаа өгсөн.
Иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх. Гэхдээ мэдээж төрийг хохиролгүй болгох ёстой.
Маргааш захиалагчдыг хүлээн авч уулзахаар болж байна." гэв.