“Korea Medical Tourism Festival 2023” : Цаг авсан 1000 гаруй иргэнд БНСУ-ын эмч нар биечлэн уулзаж, зөвлөгөө өгч байна
БНСУ-ын Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацаас өнөөдрөөс эхлэн буюу наймдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд “Korea Medical Tourism Festival 2023” (Эрүүл Мэндийн Аялал Жуулчлалын Фестиваль) арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Фестивалийн үеэр Солонгосын соёлыг сурталчилан таниулахаас гадна Солонгосын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын талаар мэдээлэл олгож, БНСУ-д эмчилгээний зорилгоор зорчих хүсэлтэй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалт; Солонгос - Монгол хоёр улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууллагууд хамтын ажиллагааны санал солилцох бизнес уулзалт, хүндэтгэлийн хүлээн авалт гэх мэт арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд БНСУ-ын нэгдсэн эмнэлэг, арьс гоо заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг болон бусад нарийн мэргэшсэн эмнэлгүүд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Тодруулбал, БНСУ-ын 9 бүс нутгийн төлөөлөл, аялал жуулчлалын холбоо, 43 эмнэлэг эрүүл мэндийн байгууллага, 5 эмнэлэг зуучлалын агентлагаас 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж дотоодын 100 гаруй төлөөлөгчтэй бизнес уулзалт хийн БНСУ руу чиглэлтэй эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг сайжруулж, аялагчдад ая тухтай чанартай үйлчилгээг олгох талаар санал солилцох юм.
Түүнчлэн урьдчилан цаг авч бүртгүүлсэн 1000 гаруй иргэнд арьс гоо засал, нүд, шүд, эрүүл мэндийн шинжилгээ, эмэгтэйчүүд, зэрэг чиглэлийн 40 гаруй эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд биечлэн уулзаж мэдээлэл, зөвлөгөө өгөх бөгөөд иргэдэд зориулсан бусад сонирхолтой эвент арга хэмжээнүүд ч зохион байгуулагдах юм байна.