БАГАНУУР: Автомашины ослын улмаас хоёр иргэн ЭНДЖЭЭ
Багануур дүүргийн 2-р хороо, “Хужирт” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын хоёр автомашин мөргөлдөж, автомашины бүхээг дотор хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг наймдугаар сарын 19-ний өдрийн 09.03 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Албаныхан 09.20 цагт очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн С-ын “Приус 20” загварын хоёр зорчигчтой суудлын автомашин, Багануур дүүргээс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ийн “Харриер” загварын зургаан зорчигчтой суудлын автомашин хоорондоо мөргөлдсөн байжээ.
Улмаар, “Приус 20” загварын суудлын автомашины жолооч С/34 нас, эрэгтэй, Багануур дүүргийн харьяат/, зорчигч М/32 настай, эмэгтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат/ нар бүхээгтээ хавчуулагдан нас барсан байжээ.
Тус хоёр иргэний цогцсыг “Холматро”-гийн задаргааны багаж ашиглаж 24 минут ажиллан гаргаж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.