ФОТО: Газар газрын ардын авьяастнууд тоглолтоо сонирхуулсан “Нүүдэлчин” их наадам
“Нүүдэлчин” их наадам Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нүүдэлчдийн их наадамд зорин ирж оролцож буй аймгуудын авьяастнууд язгуур урлагийн тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ их насны морьдын уралдаан, урианхай сур, шагайн харвааны тэмцээн зохион байгуулж байгаа юм. Нийслэлээс гадна 21 аймаг, нүүдэлчин соёлт улс орнуудын өвлөн уламжлагч, ардын авьяастнууд нутаг нутгийнхаа уламжлалт зан үйл, онцлогийг илтгэсэн язгуур урлагийн тоглолтоо наймдугаар сарын 20 буюу маргаашийг дуустал сонирхуулна. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийн хүрээнд Монгол Улсын төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, ахуй байдал, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлахаас гадна уламжлалт уралдаан, тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол орны талаарх болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлах соёлын арга хэмжээ гэж зохион байгуулагчид үзэж байна.