Д.Сумъябазар: Голын эрэг дагуу баригдаж байгаа барилга, орон сууцанд битгий орооч
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазар Aqua garden, S.Outlet, Шунхлай ШТС-ын барилгыг буулгах талаар мэдэгдэл хийсэн. Энэ үеэр иргэд олон нийтийг голын эрэг дагуу баригдаж байгаа барилга, орон сууцанд орохгүй байхыг уриаллаа.
Тэрбээр "Бүхэл бүтэн хороо үерт автах тооцоолол гарч, үер ус, аадар борооны хэмжээ хоёр дахин нэмэгдэж байгаа ийм үед иргэд, олон нийт голын эрэг дагуу баригдаж байгаа орон сууцанд битгий орооч. Орохдоо 100 хувь мөнгөө төлсөн бол тэр хэмжээгээр хохирол амсана. Мөн эд хөрөнгө, хамгийн үнэтэй зүйл болох амь насны асуудал яригдана. Тухайн барилга байгууламжид суулт үүсэж, далийж, нурвал яах вэ. Энэ бол иргэдээ, эд хөрөнгийг нь хамгаалж байгаа асуудал. Ирээдүйд үүсэх хор хохирлын эрсдэлийг багасгаж байгаа явдал" хэмээлээ.