“S Outlets”-ийн газрын зөвшөөрлийг Г.Мөнхбаяр олгож, Т.Эрдэнэтуяагаар ахалсан комисс барилгыг ашиглалтад хүлээн авчээ
Өнгөрсөн долдугаар сард орсон аадар борооны улмаас Сэлбэ, Дунд голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автсан гамшигт үзэгдэл болж, иргэд эд хөрөнгөөрөө хохирсон билээ.
Тухайн үед голын голдирлыг шахаж барилга барьсан “S Outlets” дэлгүүр, Усан паркийн барилга зэрэг нь далан сэтрэхэд нөлөөлсөн гэдгийг албаныхан хэлсэн.
Тэгвэл хотыг усанд автуулах эрсдэлд оруулж буй гэх Сэлбэ голын ай савд баригдсан "S Outlets" дэлгүүрийн хувьд Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр иргэн Д.Батзоригт 2009 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 275 дугаар захирамжаар “Автомашины засвар үйлчилгээ” зориулалтаар анх газар олгожээ. Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулсан 19 гишүүнтэй комисс үйлчилгээний зориулалт бүхий барилгыг 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан байна.
Улмаар НЗД-ын санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа 2015 оны А/990 дугаартай захирамжаар газрын хэмжээг 2409 м.кв болгон тав дахин нэмэгдүүлсэн бол НЗД-ын 2022 оны А/1626 дугаар захирамжаар зориулалтыг нь “Худалдаа үйлчилгээ” болгон өөрчилжээ.
"S outlets" дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан улсын комисс нь 19 хүний бүрэлдэхүүнтэй, дарга нь Т.Эрдэнэтуяа бөгөөд тухайн үед нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны даргаар ажиллаж байжээ.