Г.Жаргалсайхан: Үерт өртсөн өрх бүрд ТАВАН САЯ ТӨГРӨГ өгөх санал гаргасан
Наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрстэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Эдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Дүүргийн Онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Уруйн үерт өртсөн өрхөд таван сая төгрөг өгөх санал гаргажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан "Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. 47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа.
Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй.
Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна" гэв.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Юуны өмнө үерээр битгий улс төр хийгээч гэж хүсье. 3,000 гаруй ажилтан, алба хаагч ажиллаж, эхнээсээ зарим нь гэдэсний халдварт өвчин тусаж байхад үүнийг улс төр болгож байгаад харамсаж байна” гэв.
Үерийн эрсдэлтэй бүсэд буусан иргэдэд дүүрэг харгалзахгүй газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газруудыг санал болгож байгааг хэлж байлаа. Түүнчлэн иргэдийг хариуцлагатай байж, үерийн аманд буухгүй байхыг хүссэн юм.