Говийн замыг Мишээл экспотой холбосон гүүр энэ сарын 20-нд ашиглалтад орно
Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км урт, дөрвөн эгнээ авто зам, 33 метр урт гүүрний ажлыг гүйцэтгэл 52 хувьтай байна. Үүнээс гүүрний явах ангийн цутгалт дуусаж, хучилтын ажил хийхэд бэлэн болжээ.
Наймдугаар сарын сүүлч гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Авто замын хувьд далангийн дүүргэлт, борооны ус зайлуулах шугам, хашлага суурилуулах үргэлжилж байна.
“Эрэл групп” ХХК-ийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлсөн боловч тус компанийнхан ажил хийхэд саад учруулсаар байгаа юм.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Одбаяр:
-Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн гол буюу Улиастай, Гачууртын зам, Зайсангийн гүүр, Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх гүүрэн зам, Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын замтай холбох замын ажил үргэлжилж байна. Нийтийн тээврийн чиглэлүүдийг хөгжүүлэх зорилгоор эдгээр замыг дөрвөн эгнээ тавьж байгаа.
Тухайлбал Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Гачууртын замын ачаалал 50 хувь буурах юм.
Замын ажлыг гүйцэтгэгч “Тотал-Инж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр:
-Говийн замыг Мишээл экспотой холбосон гүүрний ажлыг гүйцэтгэж байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж ашиглалтад орох хугацаанд өөрчлөлт орж магадгүй. Өнгөрсөн сард орсон борооны улмаас 20 гаруй хоног алдлаа. Гэхдээ нөөц бололцоогоороо ажлаа шахаад хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн.
Гүүрийг наймдугаар сарын 20-н гэхэд, замын ажлыг аравдугаар сард дуусгахаар ажиллаж байна.
Түүнчлэн Гачууртын авто замаас Шархадны автобусны эцсийн зогсоол хүртэлх 4.27 км авто зам, Улиастай голын 97.3 метр урт төмөр бетон гүүрний ажил үргэлжилж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлсэн энэ бүтээн байгуулалт 53 хувьтай байгаа юм.
Тодруулбал гүүрний ажлын хүрээнд нийт найман дам нурууг тавиад буй. Гүүрэн байгууламжийн хувьд нэг нэгж талбарын газар чөлөөлөлт хийгдээгүй, үүнээс УСУГ-ын харьяа 449 дугаартай цэвэр усны худаг шилжүүлэх шаардлагатай болжээ.