Иргэддээ бус нэр төрдөө л “ХАЙРТАЙ Д.СУМЪЯАБАЗАР“
Үер болоод сар ч болоогүй байхад өнгөрсөн амралтын өдөр орсон ширүүн бороо үер болж нийслэлчүүдийг чангалав. Долдугаар сард жилийн дунджаас ахиухан бороо орно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж хэлсээр байтал чадваргүй, сэтгэлгүй дарга нарын буруугаас болж БЗД-ийн 43-р хороо л гэхэд үерт автаж, цахилгаангүй хэдэн өдөр боллоо.
Гэтэл хотын дарга нь үерийн усыг хэрхэн зайлуулах бус, хэл амыг хэрхэн дарах гэдэг дээр л анхаарлаа хандуулан ажиллав. Учир нь их үерийн үеэр нэгэн эмэгтэй өндөр хүчдэлийн тогонд цохиулан ухаан алдах үед хотын хэвлэлийнхэн нь "Тухайн эмэгтэй нас бараагүй, ухаан алдсан" гэх мэдэгдлийг цахим хуудсуудаараа түгээж байв. Уг зүйндээ тухайн эмэгтэйн биеийн байдлыг ажиглаж, цаашид гарах үр дүнг тооцоолсны дараа энэ мэдээллийг өгөх ёстой байв. Үндсэндээ ИРГЭНЭЭ эхлээд бодох ёстой байсан ч тэд НЭР ХҮНДЭЭ эн тэргүүнд тавив.
Иргэд арга ядаад хотын даргыг хүлээвэл үхлээ хүлээх юм байна хэмээж, өөрсдөө нэгдэн нийлээд өндөр хүчдэл, цахилгааны утсыг эмхэлж, цэгцлэхээ мэдэгдээд, ажлаа эхлүүчихсэн. Сарын хугацаанд эмх, цэгцэнд оруулж чадаагүй хотын даргын ажлыг тэд нэг хоногийн дотор эхлүүлэв.
Хотын дарга маань хэвлэлийн хурал зарлаж, "Би УИХ-д гурван удаа, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүнийхээ хувьд энэ хотын дарга гэх хэцүү ажлыг хийж байна. Бусад нь буугаад өгчихсөн байх байсан. Иргэдээ надад итгэ." гэх утга бүхий зүйлийг ярив.
Мөн үерийн усыг зайлуулах хамгийн эхний алхам нь "S OUTLET" дэлгүүрийг нураах хэмээн харж, үүгээрээ баахан "шоудав".
Ингээд л өөр дээр буух галыг эвтэйхэн зайлуулчихав. Ингэж хэлдэг учир нь гэвэл тухайн дэлгүүрийн зүгээс "Нураах тухай ярьвал шүүхэд хандана" гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд шүүхийн үйл явц үргэлжилж байх хооронд сонгууль нь болоод мань дарга суудлаа өгөх нь ойлгомжтой. Энэ мэт ард иргэдийн толгойг эргүүлж, өөрийн талд оруулах башир мэхээ хийхээ тэр мартсангүй.
Хүний үнэ цэнтэй эд зүйлийг нэг л өдөр үерийн усыг зайлуулахад саад учруулсан нэрээр эвдээд нураачихдаггүй байлтай. Анхнаасаа хууль бус газар олгосны хар гайг өнөөдөр нийслэлчүүдээрээ үүрч сууна.