СХД-ийн ИТХ, БНСУ-ын Донг-Гү дүүрэгтэй ХАМТРАН ажиллах санамж байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарын урилгаар БНСУ-ын Дэгү хотын Донг-Гү дүүргийн 11 иргэдийн төлөөлөгчид болон тус улсын Баняавол хөдөө аж ахуйн холбооны ерөнхийлөгч Ким Иг Сү, Солонгос Монголын соёлын газрын дарга Нам Сан Дэ, бусад албаныхан энэ сарын 14-өөс 17-ны хооронд Улаанбаатар хотноо айлчиллаа.
Сонгинохайрхан дүүргийн хувьд БНСУ-ын Донг-Гү дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж байгуулж, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
СХД-ийн ИХТ-ын дарга Б.Хуягбаатар болон дүүргийн иргэдийн төлөөлөгчид болох О.Ганбаатар, Д.Баярсайхан, Ш.Энхболд, Ч.Гантулга, Х.Эрдэнэтуяа, Э.Хулан, Г.Бадамцэцэг, М.Тэмүгэ нар зочдыг хүлээн авч, СХД-т хамтран хэрэгжүүлэх боловсрол, газар тариалан, эрүүл мэндийн чиглэлээр төсөл, хөтөлбөрийн талаар харилцанс санал солилцлоо.
Мөн тус дүүрэгтэй хамтран Бадамлянхуя цэцгийг Сонгинохайрхан дүүрэгт тарьж нутагшуулах ажлыг шат дараатай зохион байгуулахаар боллоо. Уулзалтын үер Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэрлэх ёслолын өргөө болон дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Солонгосын эмч нар хамтарсан үзлэг, оношилгоог дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулсан юм.
Уулзалтын үеэр БНСУ-ын Дэгү хотын Донг-Гү дүүргийн ИТХ-ын дарга Ким Жэ Вүн хэлэхдээ "Донг-Гү дүүрэг нь Сонгинохайрхан дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаа. Бид Монгол Улсад анх удаа айлчилж байна. Бид Сонгинохайрхан дүүрэгтэй эрүүл мэнд, нийгэм, боловсрол, богино хугацааны гэрээт ажилчдыг солилцох тал дээр хамтран ажиллахаар тохирсон. Энэ жилдээ бид гол гол хамтын ажиллагаагаа эхлүүлээд явна. Манай Донг-Гү дүүргийн хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй ёс төдий биш цаашдаа байнгын ажиллагаатай, урт хугацаанд хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Хоёр хотын хамтын ажиллагааг дэмжиж, санаачлагатай ажиллаж буй СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон дүүргийн иргэдийн төлөөлөгч нарт дахин баярласнаа илэрхийлье" гэлээ.
Бадамлянхуа цэцгийг тарьж ургуулснаар ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлээд зогсохгүй бохирдлыг цэвэршүүлэхэд ихээхэн нөлөөтэй байдаг аж. Энэ талаар Баняавал ХАА-н холбооны ерөнхийлөгч, доктор Ким Ик Сү : "Монголчууд Бадамлянхуа цэцгийг их бэлгэшээдэг гэж сонссон. Бадамлянхуа цэцгийг Монголд тарьж, нутагшуулснаар хөрс болон усны бохирдлоос сэргийлж, усыг цэвэршүүлж эрүүл болгодог давуу талтай.
Мөн Бадамлянхуа цэцгээр дамжуулан хоёрдогч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ач холбогдолтой учраас Монголд Бадамлянхуа цэцгийг тарих ажлыг зохион байгуулахаар ирээд байна. Монголд анх удаа ирж байна. Биднийг халуун дулаанаар хүлээн авсан СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт талархаснаа илэрхийлье. Эхлэл бол амжилтын тал нь гэж ярьдаг учраас энэ удаа бид тарих газраа судлах ажлыг хийж байна. Цаашид Бадамлянхуа цэцгийг тариалах технологийг заах, хөдөө аж ахуйн чиглэлээр тусалж, дэмжих тал дээр хамтран ажиллана" гэв.