Өндөржүүлсэн бэлэн байдалд 14343 хүн 132 цагийн турш ажиллалаа
Улаанбаатар хотод их хэмжээний үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 ажилтан, алба хаагч, 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн.
Мөн үерийн ус хальсан байршлуудад нийт 80,000 орчим шуудай, 900 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, үерийн далангуудыг хүчитгээд байна.
Үерийн ус соруулах ажлыг зургаан хоногийн турш тасралтгүй гүйцэтгэсэн бөгөөд зөвхөн автомашинаар 9240 тонн ус зөөсөн. Помп ашиглан шууд зайлуулсан усны хэмжээг тооцоолох боломжгүй юм. Түүнчлэн зоорийн давхар нь усанд автаад байсан 144 барилгаас 139-ийнх нь усыг бүрэн соруулж, үлдсэн дөрвөн барилгын усыг соруулах ажил үргэлжилж байна.
Үерт автсан зам, талбайг цэвэрлэх, ариутган халдваргүйтгэх хүрээнд 10,540 тонн орчим лаг, шаврыг зөөж, 22.7 сая ам метр гудамж, талбайг цэвэрлэн, 2.2 сая ам метр талбайг ариутгаж халдваргүйжүүллээ.
Төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1113 дэд өртөөнд холбогдсон 52,965 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 1086 дэд өртөөний 48,801 хэрэглэгчийн цахилгаан хангамжийг сэргээсэн. Одоогийн байдлаар 27 дэд өртөөний 4164 хэрэглэгчийн цахилгааныг холбохоор ажиллаж байна.