Үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг 8 бүс үерийн аюултай түвшинд хүрчээ
Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Сэлбэ, Туул, Дунд голын усны түвшин үерийн хэмжээнд хүрсэн. Гол дагуух зарим хэсэг усанд автаж, Сэлбэ голын далан зарим хэсгээрээ сэтэрч орон сууцны доод давхрууд усанд автаад байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үерийн нөхцөл байдалтай танилцаж, УОК болон НОК-ын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар үерийн эрсдэл бүхий 18 бүс байгаагаас ‘S outlet’ дэлгүүр, Алтай хотхон, Дарь-Эх, Улиастай зэрэг найман бүс үерийн аюултай түвшинд хүрчээ. Шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгааг УОК, НОК-ын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав.
Ерөнхий сайд үерийн нөхцөл байдалтай байгаа байршлуудад ажиллаж дараах үүрэг, чиглэлүүдийг өглөө.
1. Үерийн далан, суваг шуудуу хааж барилга барьсан компани, зөвшөөрөл олгосон, хяналт тавиагүй холбогдох албан тушаалттнуудыг АТГ-т өгч шалгуулах
2. Голын ай сав, үерийн далан, суваг шуудууны ойролцоо баригдсан объектуудыг шалгаж, шаардлагатай гэж үзвэл нураах
3. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрыг түр өөрийн харъяанд ажиллуулах
4. Ерөнхий төлөвлөгөөнд ороогүй газарт аймаг, орон нутгийн засаг дарга хэрхэн газар олгохыг хуульчлах
5. Үерийн нөхцөл байдалтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгө зардлыг гаргах
6. Гэр хороололд үерийн аманд буусан айл өрхүүдэд онцгой анхаарах
7. Халдварт өвчин гарахаас сэргийлж ариутгал халдваргүйжүүлэлтийг давхар хийж явах, эмнэлгийн байгууллагууд халдварт өвчин гарч болзошгүй эрсдлийг анхаарч ажиллахыг үүрэгдэв.