Д.Сумъяабазар: Айж балмагдах хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг авна
Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад байна.
Иймд Нийслэлийн Онцгой Комисс(НОК)-оос өнөөдөр төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Улсын Онцгой Комиссоос үүсээд буйг асуудлыг яаралтай шийдэх, Батлан хамгаалах анги нэгтгэлүүдээс дайчилгаанд хүн хүч татах, Сэлбэ гол дагуу байгаа байршлуудад далан босгох, зарим нэг гүүрэн байгууламжийг буулгах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт хийхээр болсон.
Бороо долдугаар сарын 12-н хүртэл орох төлөвтэй байгаа учир өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих тогтоолыг Нийслэлийн Онцгой Комисс гаргалаа.
УОК-ын даргатай ярилцаж дайчилгааг богино хугацаанд хийнэ. Тиймээс айж балмагдан сандрах хэрэггүй. Бид зохих ёсны арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж ажиллана.
Ажлын багаж хэрэгсэл нэмэгдүүлэх, хүн хүч, машин механизмаа татах үүрэг чиглэл өгөгдсөн.
Засгийн газрын нөөц болон Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргах, ажиллаж буй хүмүүсийн хоол хүнс, эрүүл мэнд, иргэдийн эд хөрөнгөтэй холбоотой асуудалд шуурхай арга хэмжээ авна" хэмээв.
Мөн тэрбээр "Ойрын 4-5 хоногт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана.
Хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйл манай хотод түгээмэл бий. Алдааг нь засаад сайжруулаад явж байна. Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барилга байгууламж барихыг хална. Хүчтэй бөгөөд томоохон хэмжээний акц хийхээр бэлдэж байна" гэлээ.
Харин хохирлын хэмжээ болон хэрхэн барагдуулах талаар "Хохирлын хэмжээг тогтооно. Хамгийн гол нь хүний амь нас эрстэж болохгүй гэдэгт анхаарч байна. Эд хөрөнгийн хохирлын хэмжээг хууль хяналтын байгууллага судлан шийдвэрээ гаргаж танилцуулна байх" хэмээв.