Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сарын эхээр ашиглалтад оруулж, хуучин гүүрийг нураана
Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил. Хуучин гүүрний баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрний барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн.
Бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компанийн инженер хэллээ.
Монгол Улсын зөвлөх инженер, "ЗМЗ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх Ц.Шинэзориг "Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрний барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Одоогоор урд захын тулгуур дээр байсан дулааны шугамын асуудлыг шийдвэрлэн түр шугамыг тавиад дууслаа. Шинэ гүүний барилгын ажил 92 хувьтай байна. Хашаа, хайс хийх, замыг хойш, урагш нь холбох ажлууд үлдээд байгаа.
Шинэ гүүрийг ирэх наймдугаар сарын эхээр нээгээд хуучин гүүрийг нураах ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл өргөтгөл, шинэчлэлийг энэ ондоо багтаан дуусгана" гэсэн юм.
Зайсангийн гүүрээр хоногт 16,000 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулна хэмээн тооцоолжээ.