“Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ эхэллээ
Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын ажил өнгөрсөн жил эхэлсэн. Энэ хүрээнд 1.2 км урт дөрвөн эгнээ авто зам, 36 метр урт гүүр, явган зам, гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, зарим ажлаа дуусгаад буй. Гэвч газар чөлөөлөлттэй холбоотойгоор замын ажил нэг жил гаруй саатаад байна. Тиймээс “Эрэл” компанийн ашиглалтаас гарсан төмөр замыг албадан чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.
“Эрэл” компани 2017 оны гуравдугаар сарын 17-нд газар эзэмших гэрчилгээгээ төмөр замын хамгаалалтын зурвас гэж 15 жилийн хугацаатай авчээ. Өөрөөр хэлбэл, төмөр замаар үйл ажиллагаа явуулахаар гэрчилгээгээ авсан ч өнөөдрийг газрыг зориулалтын дагуу ашиглаагүй аж. Тухайн компани төмөр замаа ашигладаг гэдэг ч үнэндээ төмөр замын дээгүүр хөндлөн дулааны шугам, хийн хоолой тавьжээ.
Түүгээр барахгүй 2019 оноос хойш газрын төлбөрөө төлөөгүй, 2021 оноос хойш мэдээлэл, мэдэгдэл хүргүүлсэн ч дорвитой хариу өгөөгүй байна. Хан-Уул дүүргийн III хороо, Говийн замыг “Мишээл экспо”-той холбох замын транст нийт 14 аж ахуйн нэгж, иргэний 1.5 га орчим газар оржээ. Гэвч ганцхан “Эрэл” компанитай ийн ойлголцоогүй хуулийн дагуу газрыг ийн албадан чөлөөлсөн байна.