Хувцас солих өрөөнд спортоор хичээллэж байгаа 71 дүгээр сургуулийнхан

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Ерөнхий боловсролын сургалтад биеийн тамирын хичээлийг заавал оруулж өгдөг нь хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжилтэй болгох зорилготой. Мөн спортын авьяасыг нээн илрүүлэхэд чиглэнэ гэж тусгасан байдаг. Гэтэл БШУЯ-аас баталсан биеийн тамирын хичээлийн стандартыг хэрэгжүүлж чадахгүй байгаа сургууль нийслэлийн хэмжээнд олон байна. Хүүхэд залуучууд, өсвөр үеийнхний дунд биеийн тамирыг түгээх тэднийг багаас нь бие бялдрыг нь хөгжүүлэх, спортод татан оролцуулах хэрэгтэй гэж ярьж байгаа ч спорт заал талбайн хангамж муу байна. Үүнээс үүдэн хүүхдийн дасгал хөдөлгөөн хийх цаг хугацаа бага болж, биеийн тамирын хичээлдээ дургүй болж байгаа гэдгийг зарим судлаачид хэлдэг. “Зууны мэдээ” сонин “Асуудал-Шийдэл” буландаа 71 дүгээр сургуулийн сурагчид коридорт биеийн тамирын хичээлээ үздэг талаар хөндсөн. Тэгвэл энэ удаад тус сургуулийн хүүхдүүд хувцас солих өрөөндөө спортоор хичээллэж байгаа талаар хүргэж байна.

Нийслэлийн дөрвөн сургууль спорт заалгүй

сонин mn

Э.Ариун-Эрдэнэ

Биеийн тамирын хичээлийг заавал оруулж, энэ хичээлээр хүүхдийн биеийг хөгжүүлэх, спортын гайхамшгийг тэдэнд мэдрүүлэхийг зорьдог. Гэвч олон мянган хүүхдэд боловсролын салбарын энэ бодлого хүрэхгүй байгааг багш нар хэлж байна. Заалгүй сургуулиуд дулааны улиралд гадаа хичээллэж, өвлийн цагт хүнсний ногооны агуулах, нийтийн байрны доод давхар гээд зориулалтын бус байшинд биеийн тамирын хичээлээ орж байна.

Спортын заалгүй сургуулиудыг байраар хангах талаар салбарын яам төсөл боловсруулсан ч тийм сайн хэрэгжээгүй. Хэрэгжих гэж оролдсон ч барилгын материалын хомсдолоос хамаарч зогссон байдал нийслэлийн дөрвөн сургууль дээр үүсэж, одоог хүртэл заалгүй байна. Үүний нэг нь нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургууль юм.

Тус сургуульд нэгдүгээр ангиасаа эхлэн суралцаж байгаа сурагч бол Э.Ариун-Эрдэнэ. Тэрбээр 2013 онд тус сургуульд элсэн орсныхоо дараа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн аж. Гэвч ганц ч удаа том зааланд бэлтгэл хийж үзээгүйгээр сургуулиа дүүргэжээ. Тэрбээр өнгөрсөн сард сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч ялалт авч чадалгүй тэмцээнээ дуусгасан байна. Энэ талаараа “Манай сургуулийн тамирчид хурдтай, чадварлаг байдлаараа бусад сургуулийнхнаас ялгарч байсан ч хэрхэн яаж тоглохоо ойлгохгүй байсан. Энэ нь бэлтгэлтэй холбоотой.

Бид бусад тамирчид шиг бэлтгэл хийдэггүй. Жижигхэн талбайтай болохоор хааяа ганц, хоёр шиднэ. Гүйхээс өөрийг хийхгүй. Тийм болохоор амжилт үзүүлэх нь ховор байдаг. Аль ч спортын тамирчид байнгын бэлтгэл хийж байж амжилт үзүүлдэг.

Бидэнд зориулалтын бэлтгэлийн заал байхгүйгээс өвлийн саруудад ангидаа сууж, хичээлээ л давтдаг. Үүнээс үүдэн манай ангийн 21 хүүхэд биеийн тамирын хичээлдээ ордоггүй болсон. Бид спортдоо дуртай болохоор хөвгүүдтэйгээ хамт тоглодог ч бидэнтэй тоглохыг хүсдэггүй. Тиймээс спорт заал бидэнд хэрэгтэй байна” гэв.

Стандартгүй заалтай болохоор хүүхдүүд их бэртдэг

Энэ сургуульд спортоор хичээллэх сонирхолтой олон хүүхэд байдаг. Гэхдээ бэртэл гэмтлээс болоод сургуулиа орхиж байсан хүүхэд ч бий гэдгийг тус сургуулийн 12 дугаар ангийн багш хэлж байв. Тэрбээр “Манай ангийн Хүрлээ сагс волейбол эвлэгхэн тоглодог хүүхэд байсан юм. Гэвч бэлтгэлээ хийж байгаад паар мөргөчихсөн. Тиймээс өөр сургуульд очиж энэ спортоороо хичээллэнэ гээд сургуулиа сольчихсон” хэмээн өгүүлнэ. Сургуулийн биеийн тамирын заал нь хувцас солих өрөө, коридор хоёрын дунд байрладаг болохоор бага ангийнхан ч нааш цааш холхилдох нь элбэг. Тиймээс энэ сургуулийн спорт зааланд ямар ч стандарт байхгүй. Бага ангийн хүүхдүүдийг хичээлд орсны дараа биеийн тамирын хичээлээ ордог гэж тус сургуулийн биеийн тамирын багш нар хэлж байлаа.

Харин тус сургуулийн талаар 71 дүгээр сургуулийн үйлчилгээний ажилтан Н.Цэвээнравдан “Эвдэрсэн зүйл хураах талбайгүй учраас ширээ сандал их байдаг. Багш нар жижигхэн өрөөнд хичээлээ заадаг болохоор коридорт бүх зүйлээ хураадаг. Зарим нэг анги хувцас солих өрөөг ашиглан танхим бий болгосон.

Биеийн тамирын хичээлийн хувьд коридор, хувцас солих өрөөний голд байрладаг болохоор хүүхдүүд нь халаалтын паар руу унаж бэртэх тохиолдол их” гэв. Хүүхдийн тоо жил бүр нэмэгддэг энэ сургуульд стандарттай гэх ганц ч зүйл байхгүй гэдгийг сургуулийн нийгмийн ажилтан Д.Баттуяа онцолж байв. Багш нар нь хувцас солих өрөөний буланг бараадан суудаг бол хүүхдүүд нь коридороо ашиглан биеийн тамирын хичээлдээ сууж байна. Монгол Улсын Үндсэн хуульд эрүүл аюулгүй орчинд амьдрах тухай тусгасан байдаг. Гэвч тус хуулийн 8.1.1 буюу хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, 8.1.2 хүртээмжтэй байх гэсэн зүйл амьдралд хэрэгжихгүй байна. Мөн хүүхдүүд нь биеийн тамирын хичээл дээрээ унаж бэртчих вий гэсэн айдастайгаар хичээлдээ суудаг гэж тус сургуулийн хүүхдүүд хэлж байв.

Найман хүүхдийн талбайд 24 хүүхэд спортоор хичээллэж байна

Нийслэлийн 71 дүгээр сургууль Сүхбаатар дүүргийн 18-р хороонд байрладаг. Тус сургуультай 58 дүгээр сургууль л хамгийн ойрхон. Гэхдээ 4-5 км-ийн зайтай учраас ойр амьдардаг бүх хүүхэд 71 дүгээр сургуульд суралцдаг гэж тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Баттуяа хэлж байв. Анх байгуулагдаж байх үедээ бага сургуулийн зориулалттай байжээ. Гэвч одоо бүрэн дунд болж томорчээ.

Хүүхдийн тоо 1400-г давж, сурагчид нь коридорт хичээллэж байгаа дүр зураг хаалгаар ороход л харагдаж байв. Харин урлаг, спортын заал нь сургуулийнхаа коридорт байрлах аж. Спорт заалны стандарт 500 метр квадратад 30 хүүхэд байхаар тогтсон байдаг бол манай улсын сургуулиуд 420 метр квадратад 60 сурагчийг хичээллүүлдэг байна.

Тэгвэл нийслэлийн 71 дүгээр сургуулийн сурагчид 200 метр квадратад 70-уулаа багтаж ядан суралцаж байна. Энэ талаар тус сургуулийн биеийн тамирын багш Х.Энхманлай “Сагсан бөмбөгийн хоёр хуваасантай тэнцэх хэмжээний талбайд хамтдаа тоглож, тэмцээн уралдаанд орох бэлтгэлээ хийдэг. Ийм хэмжээтэй талбайд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид л тоглодог. Тэгэхээр найман хүний л хэмжээ гэсэн үг. Гэтэл манай сургуулийн зааланд 20-оос дээш хүүхдүүд хичээллэж байна. Хүүхэд бүрийн оролцоог хангах үүднээс бүх хүүхдээ хичээлд нь оролцуулдаг. Тиймээс ямар нэгэн тэмцээнд амжилт гаргах боломжгүй. Заалны асуудалтай болохоор гадаа бэлтгэл хийнэ. Цементтэй болохоор унаж болохгүй. Хэрэв унавал гараа шалбалахаас эс юм болно” гэж байв.

Харин сургуулийн орчны талаар МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн багш, доктор, профессор Л.Уртнасан “Гимнастикийн хананд хийх олон дасгал байдаг. Эдгээр нь хүүхдийн хөгжил, тэсвэр тэвчээртэй болгоход их хэрэгтэй дасгалууд. Гэтэл сургуулиудад гимнастикийн хана байдаггүй.

Эсвэл хоёр ханатай байх жишээтэй. Тэгэхээр хоёр хана дээр дөчин хүүхэд хорин таван минутад яаж дасгал хийж, багтах вэ гэдэг том асуудал. Тиймээс биеийн тамирын хичээлийн орчин, хэрэглэгдэхүүний хүрэлцээ, хангамж анхаарах ёстой асуудал. ЕБС-ийн анги дүүргэлт их. Биеийн тамирын сургалтыг сайн болгоё гэвэл цөөн хүүхэдтэй л хичээллэдэг байх ёстой. Цөөн хүүхэдтэй хичээллэсэн анги илүү бие бялдар эрүүл чийрэг байхаас гадна аюулгүй өсөж торнино. Харин олон хүүхэдтэй ангид цөөн тооны хэдэн хүүхэд л спортоор хичээллэх боломжтой” гэв.

Спортын заалгүй учраас хичээлдээ суух дургүй

сонин mn

Э.Энхтөгөл

Нийслэлийн ерөнхий боловсролын 71 дүгээр сургууль 14 жил болж байгаа ч 10 жил спорт заалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Дулааны улиралд гадаа хичээлээ орно. Өвлийн улиралд заал гэж нэрлэсэн умгар танхимд ахлах ангийнхан нь биеийн тамирын хичээл ордог байна. Тэгэхдээ жагсах, дасгал хийхээс хэтрэхгүй. Харин бага ангийнхан нь ангидаа ширээнийхээ ард гар, хөлөө хөдөлгөх мэтийн дасгал хийж долоо хоногт хоёр удаагийн хуваарьтай биеийн тамирын хичээлийн цагаа аргацаадаг аж.

Үүнд нь эцэг эхчүүд, сурагчид шүүмжлэл хэлдэг ч заал удахгүй баригдахыг хүлээж байгаа” гэсэн хариуг Боловсролын яам хэлдэг байна. Спортын заалгүй сургуулийн хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ суух дургүй, хичээлээс зугтдаг.

Тэмцээн уралдаанд оролцохоос ичдэг гэж 11 ангийн сурагч Э.Энхтөгөл хэлж байлаа. Биеийн тамирын хичээлийн зорилго эрүүл чийрэг биетэй, өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангахуйц хөдөлгөөний чадвартай, биеийн тамирын дасгалаар хичээллэж бие бялдраа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, эрүүл амьдралын дадал хэвшилтэй иргэн болж төлөвшүүлэхэд оршдог. Гэвч бодит байдал эсрэгээрээ байгааг 71 дүгээр сургуулийн спорт заалнаас харж болно. Тиймээс урлаг спортын заалыг стандартын дагуу барьж байгуулан хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

 

Д.ДАРАМБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647599
0 эможи

keyboard_arrow_up