“Зайсангийн хаусуудаас үл хөдлөх эд хөрөнгийн ТАТВАР АВНА“
Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн эдийн засгийн сэтгүүлчидтэй Хангарди ордонд уулзав. Энэ үеэр үл хөдлөх хөрөнгийн албан татварыг зах зээлийн үнэлгээгээр ногдуулах талаар мэдээлэл өглөө.
Нийслэл энэ онд 1.9 их наяд төгрөгийн орлого олж, 1.3 их наяд төгрөгийн зарлага гаргах юм. Үүнээс 593.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх даалгаврыг Сангийн яамнаас авчээ. Дээрх 1.9 их наяд төгрөгийн 85 хувийг татвараас бүрдүүлдэг бөгөөд 7.9 хувийг хөрөнгийн албан татвараас олохоор төлөвлөж байгаа аж.
Улаанбаатар хот үл хөдлөх хөрөнгийн албан татвараас өнгөрсөн жилд нийт 76.5 орчим тэрбум төгрөгийг олдог. Энэ онд 120 орчим тэрбум төгрөгийг олж төсвийн даалгавар биелүүлэхээр болсон байна. Үүнтэй холбогдуулан НИТХ-аар шийдвэр гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 2 хувь хүртэл нэмэх эрх зүйн боломжтой гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, нийслэлд бүртгэлтэй 29 мянган үл хөдлөх хөрөнгөөс зах зээлийн үнээр татвар хурааж 50 тэрбум төгрөгийн төсвийн даалгаврыг биелүүлэх юм. Тиймээс зарим үл хөдлөх хөрөнгө 10-20 жилийн өмнөх хуучин үнэлгээгээр тооцон татвар төлж буйг зогсоохоор болжээ.
Үүнтэй холбогдуулан зах зээлийн ханшаас доогуур үнэлүүлэн татвар төлж буй найман үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг 2021 оны байдлаар танилцуулав.
- “Хаппимарт” ХХК-ийн "Минт Улаанбаатар" барилга 4,500 метр квадрат талбайг 2013 оны үнэлгээгээр 1.7 тэрбум төгрөгөөр бүртгүүлж 17.4 сая төгрөгийн татвар төлдөг. Одоогийн зах зээлийн ханшаар 18.8 тэрбум төгрөгөөр үнэлж 188 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Элбэг их" дэлгүүр 3,042 метр квадрат талбайг 2011 оны үнэлгээгээр 180 сая төгрөгөөр тооцон 1.8 сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 7.5 тэрбум төгрөгөөр үнэлж 75 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Мандухай" зочид буудал 2,000 метр квадрат талбайг 2001 оны үнэлгээгээр 17.6 сая төгрөгөөр тооцон 0.2 сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 5.8 тэрбум төгрөгөөр үнэлж 58 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- Улсын Их Дэлгүүр 26,858 метр квадрат талбайг 2001 оны үнэлгээгээр 8.4 тэрбум төгрөгөөр тооцон 84 сая төгрөгийн татвар төлдөг. Одоогийн зах зээлийн ханшаар 18.4 тэрбум төгрөгөөр үнэлж 184 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Залуучууд" зочид буудал 3,136 метр квадрат талбайг 2001 оны үнэлгээгээр 800 сая төгрөгөөр тооцон найман сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 13.2 тэрбум төгрөгөөр үнэлж 132 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Палас" зочид буудал 3,226 метр квадрат талбайг 2018 оны үнэлгээгээр 1.8 тэрбум төгрөгөөр тооцон 9.3 сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 11 тэрбум төгрөгөөр үнэлж 110 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Континентал" зочид буудал 4,494 метр квадрат талбайг 2004 оны үнэлгээгээр нэг тэрбум төгрөгөөр тооцон 10 сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 19 тэрбум төгрөгөөр үнэлж 190 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
- "Гурван гал трейд" 5,385 метр квадрат талбайг 2006 оны үнэлгээгээр 1.2 тэрбум төгрөгөөр тооцон 8.7 сая төгрөгийн татвар төлдөг. Харин одоогийн зах зээлийн ханшаар 22.8 тэрбум төгрөгөөр үнэлж 228 сая төгрөгийн татвар төлөх боломжтой.
Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа 29 мянган үл хөдлөх хөрөнгөөс 0.6-1 хувийн албан татвар авч байгаа юм байна.