Д.СУМЪЯАБАЗАР: Хотын хөгжлийг түгжрэл хязгаарлаж байна
“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” болсон. Эл форумд олон улсын байгууллагын 120 гаруй төлөөлөл оролцсон. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, түншлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэрбээр,
-Засгийн газрын тэргүүн “Шинэ сэргэлтийн бодлого”-д ач холбогдол өгч байгаа. Үүний дотор “Шинэ сэргэлт Улаанбаатар”-т анхаарал хандуулж төсөв дээр дэмжлэг үзүүлэх тал дээр энэ засгийн газар хотын маш сайн дэмжиж байгаа. 1.6 сая хүнтэй Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө бүх хүчээрээ ажиллаж байгаа нь зөв шийдвэр.
Олон улсын түвшинд дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч топ 10 хоттой харьцуулахад Улаанбаатар хотын индекс хоёр дахин бага. Энэ индексийг
- 2025 онд 0.572-д,
- 2030 онд 0.626,
- 2050 он гэхэд 0.931-д хүргэхээр зорьсон.
Хотын хөгжлийг хязгаарлаж буй бас нэгэн хүчин зүйл нь авто замын түгжрэл. Улаанбаатар хотын хувьд авто замын төлөвлөлтийг зайлшгүй өөрчлөн, босоо чиглэлд холбоос авто замыг барих, хотыг хоёр хувааж байгаа төмөр зам доогуур нүхэн гарц, дээгүүр гүүрэн гарц барих, хүн амын зорчилтыг зохистой харилцаанд хүргэх, ачаа тээврийг хотын нутаг дэвсгэрээс тойруулах зорилгоор тойрог замын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Өнөөдөр хотын хөгжлийн индекс буурч буй шалтгаан нь 100 хувь төсвийн хамаарлаар хотын хөрөнгө оруулалттай байгаатай холбоотой. Тиймээс бусад, гаднын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шийдэж хотыг цэгцлэх ажил руу орно гэдэгт нэгдэж шийдвэр гараад байна. Амьдрал дээр бодит хэрэгжих суурь нь хөрөнгийн эх үүсвэрээ зөв хуваарилах, оновчтой салбаруудад хотын тодорхой хөрөнгө оруулалтыг шийдэх ёстой. Ард иргэдийн нийтийн эрүүл аюулгүй амьдрах асуудал, хотын нийтийн тээвэртэй холбоотой шинэ зохицуулалт, дижитал шилжилт зэрэг олон ажил хийхээр бэлдэж байна" гэсэн юм.