Н.НАЦАГДОРЖ: “Сэлбэ” сэргэлт төслийг дотоодын компаниудынхаа хүчээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан
Засгийн газрын хуралдаанаар 2023 ондоо багтаан "Сэлбэ" сэргэлт төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
"Сэлбэ" сэргэлт төсөл нь Сэлбэ дунд гол дагуу газрын налуу, өндөржилтийг нарийвчлан тооцож инженерийн тооцооллын дагуу 21.6 км ерийн даланг байгуулах, цогц иинженерийн хонгилын систем бий болгох зэрэг олон талын үр өгөөжөө өгөх төсөл юм. Тэгвэл "Сэлбэ" сэргэлт төслийг зохион, гарц шийдлийнх нь зураг төслийг боловсруулсан хүн нь Нийслэлийн ерөнхий архитектороор ажиллаж байсан Н.Нацагдорж юм. Тэрбээр одоо Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны даргаар томилогдоод байгаа юм. Түүнээс "Сэлбэ" сэргэлт төслиийн талаар товч тодрууллаа.
"Сэлбэ" сэргэлт төслийг боловсруулахдаа таны зүгээс түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж танилцуулсан байна. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?
Түгжрэлийн асуудал хүн ам, бүтээн байгуулалт нэмэгдэх хэмжээгээрээ ихсээд байна. Энийг хялбархан шийдэх гэж олон жил үзсэн. Замыг нь хашаад, эргэлтийг нь хориглоод, зогсоолыг нь байхгүй болгох зэргээр үзээд байна. Энэ бол шийдэл биш. Шийдэл нь бид зам тавих хэрэгтэй. Улаанбаатар хот 3 парлел замтай. Тэрийг огтолж байгаа ганц босоо тэнхлэгийн замтай. Тэр нь Зайсангаас 7 буудал хүртэл. Хотод өшөө босоо, хэвтээ тэнхлэгийн холбосон замыг нээж өгөхгүй бол Сэлбэ гол, төмөр замаараа тусгаарлагдчихдаг энэ сууршлын орчингууд нь. “Сэлбэ” сэргэлт төслийн хувьд түгжрэлийг бууруулах нэг шийдэл нь. Замаар тогтохгүй, тусгай замын автобус, нийтийн тээврээр явах, явган хүний, дугуйн зам, хонгилын систем бий болох юм. Мөн Сэлбэ голоо ингэж тохижуулж даланжуулснаар үерийн эрсдэлээс хамгаалах, дээр нь Улаанбаатар хотын агаарын чийгшилийг бий болгох давуу талтай. Агаарын чийгшилийг бий болгохгүй бол энэ хуурай хот тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр маш их тоосжилттой.
Утаанаас ч илүү их тоосжилтын бохирдол байна. Энэ бүгдийг нэгтгэсэн төсөл гэж хэлж болно.
Засгийн газраас "Сэлбэ" сэргэлт төслийг дэмжиж, 2023 ондоо багтаан хэрэгжүүлэхээр болсон. Тэгэхээр хот хариуцаад хэрэгжүүлнэ гэсэн үг үү?
Засгийн газраас “Сэлбэ” сэргэлт төслийг дэмжээд шийдвэр гаргасан. Уг төслийг Барилга хот байгуулалтын яам, хоттой хамтарч хэрэгжүүлнэ. Зураг төслийнх нь ажлыг хот зохион байгуулж байна. Бүтээн байгуулалтын ажлыг нь БХБЯ зохион байгуулахаар шийдлүүд нь гарсан явж байгаа. “Сэлбэ” сэргэлт төслийг хийхэд дотоодын компаниудыг оруулья гэж Засгийн газраас шийдсэн. Өөрсдийнхөө хүчээр хийе гэж шийдсэн байгаа. Дотоодын компаниудтай уулзалт хийсэн.
Бүгд маш дуртай энэ төслийг хийж чадна аа гэж БХБ-ын сайдын өмнө амласан байна лээ.
"Сэлбэ" сэргэлт төсөл хэр хугацаанд хэрэгжих боломжтой вэ? Таны хувьд уг төслийн санааг нь гаргаад хэрэгжилт рүү нь орохгүй юм байна гэж ойлголоо, зөв үү?
Архитектор хүн бол зохион бүтээгч. Үндсэн санаагаа гаргадаг. Асуудлыг ингэж шийддэг юмаа гэж харуулдаг. Миний хувьд "Сэлбэ" сэргэлт төсөл дээр тэр концепцио л гаргасан. Одоо бол энэний дагуу ажлын зургаа гаргаад бүтээн байгуулалт нь явна. “Сэлбэ” сэргэлт төслийг хийхэд маш олон судалгаанууд хийгддэг, үүн дээр үндэслээд төслөө боловсруулж гаргасан. Уг төсөл богино хугацаанд хэрэгжих бүрэн боломжтой. Олон дотоодын компаниудаар хийлгэх учраас ажлын зохион байгуулалтаа зөв хийчихвэл асуудалгүй хийчих боломжтой. Миний хувьд Засгийн газрын шийдврээр Шинэ Хархорин хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргааны даргаар томилогдсон. Миний хувьд 2006 онд Ерөнхий архитектор болоод Шинэ Буянт-Ухаа, Вива сити орчим, авто худалдааны цогцолбор, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, сургууль цэцэрлэгийн комплекс, Монгол наадам, 7-р хорооллын гэр хорооллыг барилгажуулах төсөл, хуучин барилгуудыг шинэчлэн дахин төлөвлөлтөд хамруулах зэргийг төлөвлөж хийж байсан. Одоо үүнээс улбаалан бүтээн байгуулалтууд яваад байгаа. Энэ бүх туршлагыг харгалзан үзэж томилсон байх. Надаас санал бол асуугаагүй, шууд томилох шийдвэр Засгийн газраас гарсан.
ВИДЕО: