Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх “ТҮР ХАМГААЛАХ БАЙР“-ны шинэ барилгын шав тавилаа

2023 оны 4 сарын 10

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөл, Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэй, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах, тусламж, үйлчилгээ үзүүлэх "Түр хамгаалах байр"-ны барилгын шав тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Олон Улсын жишиг стандарт, Монгол Улсын MN60:40:2019 стандартыг хангасан шинэ Түр хамгаалах байрны барилга нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч иргэдийг нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, өндөр настан харгалзахгүй хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай ба сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээ, бүлгийн болон ганцаарчилсан зөвлөгөө өгөх, амьдрах ухааны дадлага, сургалтын танхим, номын сан, чөлөөт цаг өнгөрүүлэх болон хүүхдийн тоглоомын өрөө, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгайлан зориулсан өрөө, тасалгаатай Монгол Улсын хэмжээнд шинэ загвар болохуйц барилгын тохижилттой юм.

Шав тавих ёслолын арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа П.Болормаа, Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийн нэгжийн зохицуулагч Д.Авирмэд, тус газрын Дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд нарын зочид төлөөлөгчид оролцлоо.

Сүүлийн 5 жилийн байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 6,453, зөрчил 44,709 бүртгэгдэж, үүнээс нийслэлийн хэмжээнд 52,7 хувь буюу 3402 гэмт хэрэг, 51,7 хувь буюу 29,168 зөрчил бүртгэгдсэн байна.

2023 оны эхний улирлын байдлаар улмын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 429, зөрчил 2726, нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 51,7 хувь буюу 222, зөрчил 61,7 хувь буюу 1683 зөрчил бүртгэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 26,4 хувиар, зөрчил 38,2 хувиар тус тус буурсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа Түр хамгаалах байр нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 1996 оноос “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв” нэртэй үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 1,200 орчим, 1996-2014 оны хооронд давхардсан тоогоор 23,400 орчим хүүхдийг хүлээн авч, асрамж, халамжийн байгууллага, төрийн захиргааны хүүхдийн байгууллага зэрэг газруудад нийгэмшүүлэхээр хүлээлгэн өгч, хамтран ажиллаж байсан.

Хууль зүйн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны хамтарсан А/12, А/71 дүгээр тушаалаар тус газрын “Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төв”-ийн чиг үүргийг өөрчлөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хангах “Түр хамгаалах байр” болгосон нь өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

Тус газрын “Түр хамгаалах байр” нь 2014-2022 онд нийт 1312 гэр бүлийн 2797 гэр бүлийн хүчирхийллийн өндөр эрсдэлтэй хохирогчийг хүлээн авснаас насанд хүрсэн эрэгтэй хүн 21 буюу 1 хувь, насанд хүрсэн эмэгтэй хүн 1022 буюу 38 хувь, эрэгтэй хүүхэд 873 буюу 31 хувь, эмэгтэй хүүхэд 880 буюу 31 хувь байна. Үүнээс насанд хүрээгүй хүүхэд 62 хувийг эзэлж байна.

Мөн 2023 оны эхний 3 сард гэр бүлийн хүчирхийллийн эрсдэл өндөр нийт 35 гэр бүлийн 89 хохирогч хүлээн авснаас насанд хүрсэн эмэгтэй 35, эрэгтэй хүүхэд 23, эмэгтэй хүүхэд 26 хохирогчийг хүлээн авч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646014
1 эможи

keyboard_arrow_up