Засаг дарга Х.БОЛОРМАА: Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байгаа учраас 10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр болсон
Сүхбаатар дүүрэг одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын 900 сая, ахмадуудын бэлгийн багцын 1.3 тэрбум төгрөгийн тендер зарлаад байв. Дүүргийн ЗДТГ-аас тендерүүдийг цуцалжээ. Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон тухай мэдэгдлийг дүүргийн Засаг дарга Х.Болормаа цахим хуудсандаа нийтлээд байсан талаад бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Засаг дарга Х.Болормаа өчигдөр /2023.01.31/ Тв8 телевизийн "Зочны цаг"-т орж дээрх асуудалтай холбоотой байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Сүхбаатар дүүргийн ИТХ-аараа Ахмадыг дэмжих хөтөлбөрийг батлуулсан. Иргэдийн амьдрал хүнд, хэцүү байна. Орон гэр нь шатчихсан хүмүүс орж ирж байна. Өрх толгойлсон ээж, аавууд байна. Дүүргийн хэмжээнд 18 мянган ахмад настан байдаг. Бид ярилцаад хэвийн боов биш таван кг будаа, 10 кг гурил болон тавгийн еэвэн өгөхөөр болсон байсан. Нийтээрээ шийдэж, энэ шийдвэрийг гаргасан. Тогтоолыг Засаг дарга л хэрэгжүүлж байгаа юм. Би хууль зөрчөөгүй. Өнөөдөр би 300 тэрбум төгрөг баталчихаад нийслэлийн төсвийн 30 хувийг бүрдүүлчихээд 1 тэрбум төгрөгийг ахмадууддаа зарцуулж болдоггүй юм бэ. " гэжээ.