СБД-ийн засаг дарга Х.Болормаа гурил, будаа авах 1.3 тэрбумын бэлгийн ТЕНДЕРЭЭ ЦУЦЛАХААР болжээ
Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нэгдүгээр сарын 23-ны өдөр 1,360,400,000 төгрөгийн бэлэгний тендер зарлаж, сонгон шалгаруулалтаа хийгээд байсан.
Тодруулбал, тус дүүргийн 1-20 дугаар хорооны цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар энэхүү тендерийг зарласан байна. Тухайлбал энэхүү арга хэмжээнд зориулж 17,900 ширхэг дээд гурил, цагаан будаа, суурь еэвэн тус тус авахаар тусгажээ.
Гэвч энэхүү үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.5.1 дэх заалтыг зөрчөөд байсан. Өөрөөр хэлбэл хуульд "Төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно" хэмээн заасан байдаг.
Тэгвэл олны хатуу эсэргүүцэлтэй тулсан Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тэрбумын үнэлгээтэй бэлэг, сэлтний тендерээ цуцлахаар болсон талаар тус дүүргийн хэвлэлийн төлөөлөгч цахим хуудсанд бичсэн байна.