“Салхины дээр байрлах ДЦС-уудын цамхгаас гарч буй усны уур үүл болон тоосонцортой холилдсоноос агаарын чанар хэт муу харагдсан“
Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас цахим хуудсандаа цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлэл гаргажээ.
Уг мэдээлэлд "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө болон 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын зүүн хэсгийг хамарч хур тунадас багатай өндрийн хүйтэн фронт дайрч өнгөрсөн. Үүний нөлөөгөөр даралтын орон 10 гПа-аар нэмэгдэж, агаарын температур өмнөх хоногоос Улаанбаатар хот орчимд 4-6 градусаар, нутгийн зүүн хэсгээр 5-10 градусаар хүйтэрлээ.
Салхи баруун хойноос 1-2.6 м/сек, инверсийн эрчим 8.8 dT/0С/, зузаан нь 360 метр болж нэмэгдсэн бөгөөд дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Хан-Уул дүүргийн нутаг, Туул гол, Богдхан уул орчимд хялмаа ажиглагдаж, алсын барааны харагдцыг эрс бууруулсан байна.
Нөгөөтэйгүүр Богдхан уулын салхины дээд талд байрлах ТЭЦ-3, ТЭЦ-4 цахилгаан станцуудын хөргөх цамхгийн оройгоос агаарт тасралтгүй хаягдаж буй усны уур нь салхины чиглэлийн дагуу нам, өндрийн давхраат үүл болон агаар дахь тоосонцортой холилдсоноос тухайн орчинд агаарын чанар хэт муудсан мэт харагдуулсан байна.
2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 14:00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуулуудын мэдээнээс үзэхэд агаарын чанар бага бохирдолттой түвшинд байсан байна" хэмээжээ.