Шүүхээс “Гоожингийн өндөр”-ийг нийслэлийн мэдэлд эргүүлэн өгөх ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” түүхэн барилгыг хамгаалалтад авах захирамжийг 2021 оны 12-р сарын 29-ний өдөр гаргасан.
Уг захирамжийн дагуу нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгал Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан, Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар энэ барилгыг эвдэх, гэмтээхээс сэргийлж шуурхай хамгаалалтад авахыг үүрэг болгож байв.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, нийслэлийн мэдэлд эргүүлэн авах асуудлаар НЗДТГ-ыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шүүхэд ханджээ.
Тэрбээр, Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан “Гоожингийн өндөр” хэмээх дурсгалт барилгыг нийслэлийн мэдэлд буцаан авах, хамгаалах, засварлах Хотын даргын шийдвэртэй холбоотой маргаанд бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Хот түүх, соёлын дурсгалаа хамгаална хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын анхны хийц, хэлбэрийг алдуулахгүйгээр сэргээн засварлаж, музей байгуулахыг нийслэлийн Засаг даргын захирамжид тусгасны дагуу музей байгуулах бөгөөд 1988 онд хийсэн сэргээн засварлах зураг төсөл бэлэн бий хэмээн тэрбээр бичсэн байна.