Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийн гэрийг цахилгаанаар хангажээ
Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 8-ны шөнөөс эхлэн 15 орчим иргэн суулт хийж байна. Хүний Эрхийн Үндэсний комиссоос энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт зөвлөмж хүргүүлжээ.
Зөвлөмжийн хэрэгжилтийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Комиссын гишүүн Б.Энхболд, Г.Нарантуяа, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ЭТХ-ийн дарга Э.Есү болон бусад холбогдох албан тушаалтан өчигдөр /2022.12.12/ уулзаж, мэдээлэл солилцов.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Содбаяр "ХЭҮК-оос өгсөн зөвлөмжийн мөрөөр суулт хийж буй иргэдийг эмнэлгийн үзлэг оношилгоонд хамруулах, дулаацах орчин бүрдүүлэх зорилгоор гурван автобус гарган ажиллаж байна. Мөн нийтийн ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулахаар шийдвэрлэсэн, суулт зохион байгуулж буй иргэдэд Д.Сүхбаатарын талбайн урд хэсэг дэх автомашины зогсоолд хоёроос илүүгүй гэр барих зөвшөөрөл олгосон. Гэрийг цахилгааны эх үүсвэрээр хангах асуудлыг бүрэн шийдвэрлэсэн" гэлээ.