Б.Сэмжидмаа : Иргэдийн санал хүсэлтийг ирэх оны төсөв, төлөвлөгөөндөө тусгана
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2022 оны 74 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилт, 2023 оны төлөвлөлтөд иргэд, олон нийтээс санал авах уулзалт хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Баянгол дүүргийн 9-р хороо:
Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 9-р хорооноос сонгогдсон Төлөөлөгч Б.Сэмжидмаа, Засаг дарга Т.Чимгээ нар хороодын иргэдтэй өргөтгөсөн уулзалт хийлээ. Энэ үеэр Төлөөлөгч 2022-2023 онд хороонд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллээ танилцуулав.
Хорооны нутаг дэвсгэрт 2022 онд зарим байруудын ойр орчимд 58 граш буулгаж газар чөлөөлөх ажил явагдсан. Шинээр 90 машины зогсоол байгуулсан. 146-р сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулж, гадна тохижилт, сагсны талбайг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн.
Мөн хорооны нутаг дэвсгэрт гэрэлтүүлэг, камерын хяналтыг сайжруулах чиглэлээр цагдаагийн байгууллага, тохижилт үйлчилгээний хэлтэс анхаарч ажиллаж байна. Гэр хороололд “Жишиг гудамж” байгуулсан талаар мэдээллээд хойшид “Хөршийн холбоо” байгуулж, иргэд амьдарч буй орчиндоо гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нэг нэгэндээ анхаарал, шаардлага тавьдаг байх, харилцан холбоотой ажиллаж амьдардаг сайн жишиг нэвтрүүлэх зөвлөлөө.
Энэ үеэр зарим иргэд хувийн эзэмшлийн сууц руу төвийн дулааны шугам холбоход бэрхшээлтэй тулгарсаар байна. Авто болон явган хүний замын зааг хязгаар, гарцын тэмдэг тэмдэглэгээнд анхаарах, хүүхдийн тоглоомын талбайн арчлалт хамгаалалт, шинээр баригдаж буй орон сууцны эргэн тойронд зогсоол, авто зам тавьсны дараа бүтээн байгуулалт хийхийг шаардах. Төсвийн гүйцэтгэлийг хийж буй хувийн компаниудын ажилд хяналт тавихыг хүсч байсан.
Эдгээр саналууд холбогдуулан Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Ариунтөгс, БГД-ийн Газрын албаны дарга Д.Энхтөр, Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны байцаагч М.Наранцэцэг нар чиглэлийн дагуу дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл өглөө.
Төгсгөлд нь ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа иргэдэд талархал илэрхийлээд санал хүсэлтийг 2023 оны ажил төлөвлөгөөндөө тусгах, төр иргэний түншлэлийг бэхжүүлэхэд зорин ажиллаж байгаагаа онцоллоо.
Баянгол дүүргийн 10 дугаар хороо:
Тус хорооноос дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгч Ц.Түмэндэмбэрэл, Ц.Гантулга нар сонгогдон ажиллаж байна.
Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлэгт Хорооны Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярчимэг иргэдээ идэвхтэй хамрууллаа.
Түүнчлэн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Н.Мягмарсүрэн, Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн О.Ган-Эрдэнэ, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Ганхуяг нар иргэдээс тавьсан асуулт, санал хүсэлтүүдэд хариулт өгч, холбогдох мэдээллээр ханган ажиллав.
ДИТХ-ын Төлөөлөгч: Ц.Түмэндэмбэрэл: 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, иргэдээс 2023 онд хороонд хэрэгжүүлэх ажлын санал авлаа.
Энэ үеэр иргэн н.Энхбат: “Гэр хорооллын арын хэсэгт замын асуудал хүнд байна. Түүнчлэн шахмал түлш борлуулж буй цэгүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй.
Газар зохион байгуулалт, зам, хүүхдийн тоглоомын талбайн асуудлуудад онцгой анхаарал хандуулмаар байна” гэв.
Төлөвлөлтийн мэргэжилтэн Ч.Ганхуяг: 2023 онд улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг замын ажил гүйцэтгэлд зарцуулагдахаар батлагдсан. Нийт 16 байршилд явган хүний зам тавигдана гэж мэдэгдлээ.