Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа

2022 оны 11 сарын 23

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа.

Мөн Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл болон “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн 10.2 га газрыг нийслэлийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг тус тус өргөн барьсан юм.

Энэ үеэр Хотын дарга “Дэлхий дахинаа үүссэн коронавируст цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй тээвэр логистикийн гацалт, үнийн өсөлтүүд нийслэлчүүдэд хүндхэн цохилт өгч байна. Гэхдээ нийслэлийн хэмжээнд хийж, хэрэгжүүлэх олон ажил бий. Бид 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүний хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайсыг чөлөөлөн тохижуулж, ногоон байгууламжийг үе шаттай нэмэн, иргэдэд ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллалаа. Ирэх 2023 оныг бизнес эрхлэлтийг дэмжих жил болгон зарлана. Бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудыг дэмжин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах болно. Хэдий амаргүй цаг үед төсвийн төслөө өргөн барьж байгаа ч төсөв хэлэлцэхэд НЗДТГ, нийслэлийн харьяа агентлагууд идэвхтэй оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын 2023 оны төсвийн төсөл болон бусад дагалдах тогтоолын төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэж өгнө үү” хэмээв.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч харьяа агентлагууд болон дүүрэг хороодтойгоо нягт хамтран, асуудлуудаа эрэмбэлэн, төсвийн төслөө өргөн барьж байна. Улс орны төсвийн асуудал хүндхэн байгаа энэ үед нийслэл ч танаж болох зардлуудаа танаж байгаа. НИТХ-ын зүгээс холбогдох хууль тогтоомж, дэгийн хүрээнд зөвлөлдөн, Хотын даргын өргөн барьсан төслүүдийг эрэмбэлэн, нийслэлчүүдтэйгээ хамтдаа хэлэлцэх болно. Төсөв шүтэх бус, хөрөнгө оруулалтыг дэмжин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд анхааран ажиллах хэрэгтэй” хэмээв.

Төсвийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлэх ёстой. Харин ИТХ жил бүрийн арванхоёрдугаар сарын 5-ны дотор төсвийн төслийг хэлэлцэн баталдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642626
0 эможи

keyboard_arrow_up