Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч ОРЖ ИРЭХГҮЙ байна

2022 оны 11 сарын 23

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар  “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх авто зогсоолын багтаамж, эзэмшлийн судалгааг гаргах, бүртгэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах” Ажлын хэсгийн тайланг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

Хотын дарга “Зогсоолын орлого Замын сан руу орох ёстой ч орж ирэхгүй байна. Үүнийг Ажлын хэсэг гарган шалгах хэрэгтэй. Мөн автомашины бүртгэл, үнэлгээ, оношилгоо, дугаар олголтыг хот өөрөө хариуцдаг байх шаардлагатай”-г онцлов.

  • 2011 онд Улаанбаатар хотын хүн ам 1.2 сая, бүртгэлтэй автомашин 209.7 мянга байсан.
  • 2021 онд хүн амын тоо 1.6 сая, бүртгэлтэй автомашин 612.3 мянга болжээ.

Хүн амын тоо 1.3 дахин, тээврийн хэрэгслийн тоо гурав дахин өссөн байна. Энэ хэрээр хүн амын нягтаршил, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй юм.

Холбогдох байгууллагуудын хамтран хийсэн судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 178 га талбайд 62,057 автомашины зогсоол байна. Эдгээр зогсоолыг ангилбал,

  • Олон нийтийн зориулалттай 31,623,
  • Орон сууцны дундын эзэмшилд 15,380,
  • Хязгаарлагдмал буюу зөвхөн өөрийн хэрэгцээний зориулалттай 7277,
  • Худалдааны зориулалттай 7777 автомашины зогсоол байна.

Үүнээс Их тойрууд 344 байршилд 15,181 зогсоол, Бага тойрууд 50 байршилд 1712 автомашины зогсоол байгаа судалгаа гарчээ. Зогсоолын менежментийг Ажлын хэсэг төрөл бүрээр судалж, зогсоолыг бүрэн автомат, төлбөр, бүртгэлийг цахимаар хийдэг болгох шаардлагатайг хэлж байлаа. Ингэхдээ бүртгэл, хяналтын систем хамгийн чухал байгааг онцлов.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва дарга “Хаалтгүй зогсоолд ногоон байгууламж байгуулж, автомашины зорчих хэсэг болгох, дугуйн зам, таксины зогсоол байгуулах гэх мэт ажлууд хийхээр төлөвлөжээ. Хаалттай хэрнээ гэрээгүй зогсоолууд Их тойруу, Бага тойрууд олон. Үүнийг хэрхэн шийдэх вэ” хэмээхэд Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн “Цаашид хотод байгаа зогсоолуудтай заавал гэрээ байгуулна. Энэ нь Нэгдсэн мэдээллийн системд оруулах зорилготой” гэв.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ авто зогсоолын менежментийг шинэ шатанд гаргахад шаардлагатай байгаа зүйлсийн талаар тодруулж, хамтран ажиллах хүсэлтэй гаднын компаниуд байгааг хэлж байв.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатарын нутагт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах журам, Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолыг нэгдсэн удирдлагын системээр зохицуулах тухай захирамж батлуулах зэрэг ажлыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо хэмээн Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642617
0 эможи

keyboard_arrow_up