Д.Сумъяабазар даргаа, Б.Баасандорж даргаа Худалдаа хөгжлийн банк хууль зөрчин барилга бариад байна
Уншигч таны харж байгаа энэ бүтээл бол Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд байх ‘Цогт Охин Тэнгэр’-ийг дүрсэлсэн зээгт наамал. Их Хүрээний Зоогой аймгийн бурханч Хосгомбын бүтээсэн 110х137 см-ийн хэмжээтэй эл зээгт наамлын бүтээл нь 1995 онд засгийн Газрын тогтоолоор хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад орсон дүрслэх урлагийн дахин давтагдашгүй бүтээлийн нэг юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей.
Үүнээс гадна Занабазарын музейн сан хөмрөг болон үзүүллэгтээ нэн эртний үеэс ( МЭӨ 40 000 - 10 0000 жил ) 20-р зууны эхэн үеийг хамарсан 20000 шахам үзмэр цуглуулгатай бөгөөд он дарааллын болон сэдэвчилсэн байдлаар төрөлжсөн 10 гаруй танхимд нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг дэлгэн үзүүлж байна. Одоогоор улсын хэмжээнд, түүх соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгал байдгийн 70 орчим нь тус музейд хадгалагдаж байдаг.
Харамсалтай нь энэ бүх үзүүллэг устаж үгүй болох эрсдэл бий болжээ. Учир нь Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн чанх ард талд Худалдаа хөгжлийн банкны баригдаж байгаа барилга соёлын өвд заналхийлсээр байна.
Уг барилга баригдсаар байвал Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей нурах эрсдэлтэйг МХЕГ болон архитектурчид баталж байгаа. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4-р хорооны тухайн газар нутагт Сэлбэ гол урсаж байсан чийгтэй, сийрэг хөрстэй болохоор ойр орчимд нь өндөр барилга барих юм бол ойр орчмын барилгын хөрсөнд суулт үүсэж, нурах эрсдэлтэй гэдгийг баталж байгаа юм. Үүнээс гадна МХЕГ-ын байцаагчид 2018 онд нурах эрсдэлтэйг анхааруулсан юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уг барилгатай холбоотой олон асуудал байгааг сануулж, анхааруулсан. Үүний зэрэгцээ Захиргааны хэргийн шүүхэд уг барилгыг зогсоох эсэхээр 2018 оноос өнөөдрийг өрнөсөөр байгаа. Шүүхийн маргаан эцэслэгдээгүй таван жилийн хугацаанд шүүхээс барилгын ажлыг зогсоох шүүгчийн захирамж гараагүйгээс болж барилгын зоорийн давхрууд баригдсан.
Шүүхээр маргаан нь эцэслэгдэж дуусаагүй байхад шүүхээс сэтгэл гаргаад барилгын ажлыг зогсоосонгүй. Мэргэжлийн хяналтынхан ч таван алхмын газарт өрнөж байгаа ‘хууль бус’ үйлдлийг таслан зогсоох, түр болиулах арга хэмжээг өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлэх сэтгэл дутав.
Энэ бүхнээс үүдэн Худалдаа хөгжлийн банкныхан ‘хожиж’ одоо ч барилгаа барьсаар байна.
Хамгийн ноцтой нь барилга барих зөвшөөрөл нь дуусаад 20 гаруй хоноод байхад ХХБ-ны барилга баригдсаар байгаа юм.
Хууль бус барилга баригдаж байгаад хяналт тавих ажил үүрэг нь МХЕГ болон Хотын стандарт, хяналтын газарт бий. Гэвч тэд өнөөдөр зөвшөөрөлгүй барилга нийслэлчүүдийн амь нас, эрүүл мэнд, бусдын эд хөрөнгө болон Монгол улсын соёлын өвд ноцтойгоор заналхийлж байгааг мэдэхгүй дүлий дүмбэ оргин сууна.
Хотын дарга Д.Сумъяабазар аа, нийслэлийн хяналт стандартын газартаа үүрэг өгч энэхүү хууль бус барилгыг зогсоогоочээ !!!
МХЕГ-ын дарга Б.Баасандорж оо байгууллагаас чинь хэдхэн алхмын зайд хууль зөрчигдөөд байна. Байцаагчид чинь татан буугдаж байгаа байгууллагад барилгын асуудал хамаагүй мэт аашилсаар байна.
Та бүхний ажлаа хийхгүй байгаагаас болж өчнөөн олон зуун жилийн нүүр үзсэн соёлын өвүүд үй олноороо устаж үгүй болж, дэлхийд шившгээ дэлгэхэд ойрхон байна шүү.
Бид энэ асуудлаар анхааруулж, сэрэмжлүүлгийг олон талын эх сурвалжтай хүргэсээр байх болно.
А.Баярмаа