Яармагийн түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах 391 метр урттай гүүрний бүтээн байгуулалт ирэх онд дуусна
Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө /Яармагийн замаас Нэгдүгээр хорооллын зам/ хүртэлх шинэ зам ашиглалтад орсноор Яармаг орчмын замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулах тооцооллыг мэргэжилтнүүд гаргажээ. Энэ хүрээнд шинэ гүүрний суурь, бүтцийн ажлууд хурдтай өрнөж буйг гүйцэтгэгч байгууллага онцолж байлаа.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрний хяналтын мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл төсөл хэрэгжинэ.
Эхний ээлжид гурван гүүрний барилгын ажил үргэлжлээд явж байна. Эхний гүүр нь 37 метр урттай Туул голын салаа дээр баригдаж байгаа. Дараагийнх нь 391 метр урттай. Энэ нь Монгол Улсад уртынхаа хэмжээгээр хоёрт орох том хэмжээний гүүр юм.
Мөн Дунд гол дээгүүр 55 метр урт гүүр барина. Тус гүүрэн байгууламж нь Монгол Улсдаа анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт нь амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 31.3 метр өргөн. Гүүрэн байгууламжийг барьснаар Энхтайваны өргөн чөлөө болон Яармагийн замын ачааллыг хуваарилах ач холбогдолтой” гэлээ.