Угсармал орон сууцуудыг дулаалах төсөл хэрэгжиж эхэллээ
“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төсөл өнөөдөр нээлтээ хийлээ.
НЗДТГ болон Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1,077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ.
Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн тухай Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.