“Эмийн хэрэглээний аюулгүй байдал- Эмийг зөв хэрэглэе” өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хийсэн судалгаагаар тусламж, үйлчилгээтэй холбоотой сэргийлэх боломжтой тохиолдлын талаас илүү хувийг эмийн хэрэглээтэй холбоотой тохиолдол эзэлж байна. Иймд энэ жил Дэлхийн Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Өдрийг “Эмийн аюулгүй хэрэглээ” сэдвийн хүрээнд “Эмийг зөв хэрэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэж кампанит ажлыг өрнүүлж байна.
Энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь эмийн эмчилгээтэй холбоотой үйлчлүүлэгчид учирч болох эрсдэлийг бууруулах, таслан зогсоох, давтагдахаас сэргийлэх чиглэлээр ард иргэд, эмнэлгийн мэргэжилтэн, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эмийн аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхэд иргэн бүрийн оролцоог хангах ач холбогдолтой юм.
Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбайд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмийн зөв зохистой хэрэглээний өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгөөр “Эмийн хэрэглээний аюулгүй байдал- Эмийг зөв хэрэглэе” уриалга, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
Ингэхдээ “ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ”-ын талаар танилцуулахаас гадна даралт үзэх, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ үзэх зэрэг үйлчилгээг АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн оюутнууд иргэдэд үзүүлж байна.