“Ногоон байгууламж болгохоор шийдвэрлэсэн РЦНК-ийн урд талбайн мод, бутыг хугалж, барилгын ажил эхлүүлэх гэж байна“
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Оросын шинжлэх ухаан соёлын төв буюу РЦНК-ийн урд талбайд барилга барихаар ажиллаж байна гэх мэдээллийг тус дүүргийн оршин суугчид өгсөн юм.
Энэ тухай оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ “Өмнө нь хотын дарга РЦНК орчмын талбайг ногоон байгууламж болгож тохижуулах талаар мэдээлсэн. Гэтэл ногоон байгууламжийн ажил хийгдэх нь байтугай өнгөрсөн долдугаар сараас хойш тул талбайд барилгын ажил эхлүүлэхээр ажиллаж эхэлсэн. Ингэхдээ үргэлж шөнөөр том автомашинууд ажиллуулан, мод, бутыг хүртэл хугалж байна.
Хотын дарга энэ хэсэг газрыг ногоон байгууламж болгох шийдвэр гаргачхаад одоо яагаад одоо хүртэл тэр ажил нь эхлээгүй байна вэ. Одоо бүр энд зөвшөөрөлтэй үгүй нь мэдэгдэхгүй барилга баригдах гэж байна.
Хотын төвийн атгахан газрыг яагаад ногоон байгууламжаар нь үлдээж, хотоо тэлэх бодлого барихгүйгээр барилгажуулах гээд байна вэ. Улаанбаатарын оршин суугчдад өнөөдөр цэцэрлэгт хүрээлэнгээс өөр зүйл хэрэггүй. Тиймээс өнөөдөр орой 19:00 цагт тухайн газрын ойролцоо оршин суугчид уулзаж, эсэргүүцлийн гарын үсэг цуглуулна" хэмээсэн юм.
Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, хуучнаар РЦНК-ийн баруун урд талд 2 га гаруй газрыг хашаалаад олон жил ашиглаагүй. Энэ газар өмнө нь маш том цэцэрлэгт хүрээлэн байсан хэдий ч сүүлийн 5-6 жил хогийн цэг мэт болж бохирдон, зарим хэсэгт нь барилга барих зэргээр шороо тоос босгох болсон тухай тус хорооны иргэд өмнө нь ярьж байв.