Автомашинаа ачуулсан жолооч журмын хашаанаас гарахын тулд БҮХ ТОРГУУЛИА төлж, оношилгоонд ордог болно
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 420 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг дээрх төслийн задаргааг танилцуулах үеэр авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулахаар болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авто машин ачилтын журамд өөрчлөлт оруулна. Ингэхдээ таны машиныг шууд ачихгүй, эхний удаад сануулна. Хоёр дахь удаа торгох бол гурав дахь удаад ачна. Ингэхдээ журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулж, өөрийн нэр дээрх бүх торгуулийг төлж, тээврийн хэрэгслийн ямар нэгэн зөрчилгүй болсон байх шаардлага тавина. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог.
Мөн Авто зогсоолын хүрэлцээ муутай Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барихаар байршлаа сонгосон. Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байна." гэлээ.