Хотын дарга 1.8 тэрбумаар ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ зөвлөгөө авна
Жил бүр хотын түгжрэл бууруулахын тулд 420 тэрбумыг улсын төсөвт тусгаж буй. Гэвч Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөн "ТЭГ" зогсолтод хүрэхэд ганцхан алмын зай л дутаж буй гэж хэлэхэд буруудахгүй байх. Харин 420 тэрбумыг юунд, хэрхэн зарцуулсан нь "шилэн" биш.
Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 3-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг Дарга Д.Сумъяабазар гаргаж үзэв. Уг шийдэл хэсэгхэн хугацаанд үр дүнгээ үзүүлсэн тул өнөөдөр НИТХ-аар цаашид тус шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч тэгш, сондгой хязгаарлалт цаашид үргэлжилбэл ард иргэд хоёр машинтай болох нь цаг хугацааны л асуудал болно.
Тэгвэл энэ үед "Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажил" гэх нэр бүхий 1 тэрбум 800 сая төгрөгийн тендер сонгон шалгаруулалт өчигдөр зарлагдлаа.
Уг тендерийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүлжүүлж байгаа аж.
Гэтэл түгжрэлийг бууруулах хүрээнд хэдэн зуун тэрбумаар нь хэдийнээ салхинд хийсгэсэн ч зөвлөх үйлчилгээ авах нэрийдлээр дахин 1.8 тэрбумыг зарцуулна гэдэг хэт үрэлгэн хандаж байгаа мэт санагдах юм Д.Сумъяабазар дарга аа...