ТЦА: 32-ын тойрог, Тэмээтэй хөшөөний уулзвар, Саппорогийн тойрог, Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэл өглөө.
Тээврийн Цагдаагийн Албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд " Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой замын ачаалал наймдугаар сарын 15-аас нэмэгддэг. 2019 оны үед буюу цар тахлаас өмнөх жилүүдэд хөдөө орон нутгаас 91 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Энэ жил мөн тэр хэмжээний хэрэгсэл нэвтэрнэ гэсэн таамаг байна. Иймд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, хөдөлгөөнд нэмж оролцох нь.
Мөн энэ үед зам тээврийн осол, дуудлага, зөрчил ихэсдэг. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас Замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлэн ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд зөвхөн амралтын өдрүүдэд тэгш сондгойгоор зорчих хөдөлгөөнийг зохицуулж байсан бол энэ жил долоо хоногийн хугацаатай зохицуулалт хийхээр болсон. 2020 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана.
Хязгаарлалт эхлэх цэг нь хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост хүртэл байна. Торгууль, шийтгэл биет болон телекамерийн тусламжтай дугаарын хязгаарлалтаар зорчсон зөрчлийг илрүүлж ажилладаг.
Энэ чиглэлд жолооч нар дугаарын хязгаарлалттай өдөртөө хөдөлгөөнд оролцохгүй, бидний ажлыг дэмжин ажиллана гэж итгэж байна." гэв.