Ү.АМАРТҮВШИН : МҮИС-ийн шунал нь дийлдэхгүй дахиад ЭХЭМҮТ-ийн гарцыг хааж, хууль бусаар БАРИЛГАА барьсаар байна
БГД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Үндэсний их сургууль (МҮИС) хэрүүл маргаан хийн, хууль зөрчсөөр байгаад 16 давхар барилгыг сүндэрлүүлсэн билээ. Тэгвэл тус сургууль дахиад ЭХЭМҮТ рүү иргэдийн ордог ганц гарцыг хааж, ямар ч зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн байна. Уг нөхцөл байдлын талаар Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Ү.Амартүвшинтэй ярилцлаа.
МҮИС нь ямар ч барилгын зөвшөөрөлгүй иргэдийн орц гарцыг хааж БГД-ийн 11-р хороонд барилга бариад байна гэсэн гомдол их ирсэн. Та уг нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
Миний бие Баянгол дүүргийн 11-р хорооноос ИТХ-д сонгогдон ажилладаг. Манай хорооны иргэд, оршин суугчдын зүгээс нийтийн эрх ашгийг зөрчсөн, хууль бус үйлдлүүдийн талаар надад санал гомдлоо их тавьдаг. Үүний нэг нь Эн Иг Ма компанийн эзэмшлийн МҮИС-ийн хууль бус барилгын ажил юм. Энэ нь МҮИС нь болосвролын салбарыг далимдуулан бүтээн байгуулалт нэрээр өөрийн бизнесээ өргөжүүлэн, нийтийн эрх ашгийг зөрчин ашиг олсоор өнөөдрийг хүрсэн. Тус сургуулийн захирал нь Л.Мөнхбат гэж хүн байдаг. Л.Мөнхбатын хувьд ЭХЭМҮТ-ийн энэ хавийн бүх газрыг хууль бусаар хашаалж хүчээр барилга барьсаар ирсэн. Барилгаа барьсныхаа дараа зөвшөөрлөө хөөцөлддөг иймэрхүү хууль зөрчигч нарыг Хот, дүүргийн удирдлагууд өнөөдрийг хүртэл өөгшүүлсээр ирсэн.
Яг одоо та бүхний харж байгаачлан Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн урд талын хаалгыг таглан явган хүний замыг хашаалан барилгын суурь цутгаад эхэлсэн байна. Гэтэл уг барилгын ажил нь ямар ч зөвшөөрөлгүй, мэргэжлийн хяналтын удаа дараа зогсоох шийдвэртэй газар. МҮИС-ийн шуналаас болж өнөөдөр энэ хавийн оршин суугчид төрийн үйлчилгээ авах нь битгий хэл, худгаас усаа ч авч чадахгүй, түлээ түлшээ ч зөөж чадахгүй хоёр давхар грашаар дамжин гэр рүүгээ орж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ийм улайм цайм үйлдэл байж болох уу.
Худгаас ус зөөдөг байсан гарц дээр нь хоёр давхар граш барьчихсан. Тэр грашаар иргэд яаж гарах вэ гэсэн чинь доогуур нь хонгил татаад авто машин, иргэдийг чөлөөтэй гаргадаг гарц нээнэ гэж худлаа ярьсаар байгаад хоёр давхар граш барьсан. Одоо тэр хоёр давхар грашаар нь иргэд, машин гарах ямар ч боломж байхгүй хаалттай байдаг. Аргаа бараад хоёр давхар гражны дээгүүр өндөр шатаар дамжин хойшоо гудамж руугаа орж байгаа. Хүүхдүүд, өндөр настай хүмүүс, ачаа бараа барьсан улсууд гэр лүүгээ орж чадахгүй заавал тэднийг өндөр хоёр давхар граж дээгүүр явах хүндрэлийг үүсгэсэн. Цастай, бороотой үед хальтирч унаад гэмтэх ийм хүнд нөхцөлд орсон байна.
Төрийн байгууллага, иргэдийн шаардлагыг МҮИС өнөөдрийг хүртэл хүлээн авахгүй байгаа юу?
Тус байгууллагад удаа дараа шаардлагыг тавьсаар ирсэн ч хууль бус, ямар ч зөвшөөрөлгүй барилгыг нь хэн ч зогсоож чадалгүй өдий хүрсэн. Л.Мөнхбат нь 2008 оноос сургууль барина хэмээн 12 давхарын А даалгавар батлуулсан ч 16 давхар байшинг ашиглалтад оруулсан. Одоо уг байранд нь дэлгүүр, эмнэлэг гээд өөр төрлийн өчнөөн бизнес нь үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоо дахиад шуналаа барьж дийлэхгүй ЭХЭМҮТ рүү ордог явган хүний гарц дээр барилга барьж байна. Гэтэл уг барилгыг нь тодруултал ямар ч зөвшөөрөлгүй баригдаж байгаа бөгөөд удаа дараа мэргэжлийн хяналт, хотын зогсоох захирамжийг өгсөн байгаа юм.
Гэвч Л.Мөнхбат барилгачиддаа зүгээр л бариад бай, би дээгүүр нь зохицуулна хэмээн хэлдэг гэж эндэх барилгын ажилтнууд нь хэлж байна.
Өгсөн шаардлагын цаасыг нь хүртэл оюутнуудаараа урж шидүүлдэг ч гэж ярьж байна. Ийм нөхдүүдэд хууль үйлчлэхгүй байгаад харамсаж байна. Бид иргэдтэйгээ хандаж болох бүх л шатны хүмүүст нь хандлаа. Хотын дарга Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БГД-ийн засаг дарга Ө.Сумьяабаатар, мэргэжлийн хяналт, газрын алба гээд бүх шийдвэр гаргачдад шаардлага хүргүүллээ. МҮИС-ийн шунал үүгээр дуусахгүй. Богд уулсын аманд дугуй цагаанд мөн барилга барих гээд маш том газрыг эзэгнэчихсэн байгаа.
МҮИС-ийн Л.Мөнхбатыг яагаад хот, дүүргээрээ дийлэхгүй өөгшүүлээд байдаг юм бэ?
Баянгол дүүргийн засаг барьж байсан Оросоо, С.Одонтуяа гэх нөхдүүд бүгд Архангай аймгийнх. Л.Мөнхбаттай нутаг усаараа хуйвалдан, энэ хүний ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргасаар ирсэний гор нь өнөөдөр гарч байна. Сүүлдээ ЭХЭМҮТ-ийн хоёрхон гарцын нэгийг нь хүчээр хааж барилга барьж байна. Тиймээс бид хотын дарга Д.Сумьяабазарыг энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно хэмээн найдаж шаардлагаа хүргүүлсэн. Л.Мөнбатын цаана УИХ-д суугаа Архангай аймгийн гишүүд байдаг гэх ч яриа байдаг.
Хууль шүүхийн байгууллагад нөлөөлөөд хотоос гаргасан захирамж шийдвэр хууль бус барилгын буулгах, газрын зөвшөөрөл хүчингүй болсон захирамж шийдвэрийг хүчингүй болгуулаад байдаг. Энэ дээрч гэсэн авилгатай тэмцэх газар анхаарах шаардлагатай.