Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдрөөс цахимаар хүлээн авч, 374 ААН-д олгоно
Удахгүй болох Ардын хувьсгал ялсны 100, 101 жилийн ойн баяр, наадамтай холбогдуулан хаана, ямар чиглэлийн үйл ажиллагааг явуулж болох талаар УБЗАА-ны хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээлэл өглөө.
"Өмнөх жилүүдийн адил наадмын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болон Хүй долоон худаг гэсэн хоёр тойрогт болно. Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрөл олгоод явна. Энэ жилийн хувьд зөвшөөрлийг зөвхөн цахимаар олгоно.
Худалдаа эрхлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг зургадугаар сарын 29-өөс долдугаар сарын 1-ний өдөр хүртэл www.ulaanbaatar.mn сайтаар бүртгэж авна.
Тодруулбал, Www.ulaanbaatar.mn сайтын Үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү нэвтэрч аж ахуйн нэгжүүд хүсэлтээ өгөх боломжтой.
Ингэхдээ үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд www.ulaanbaatar.mn сайтад тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдээд, бүртгүүлнэ. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ эрхлэхэд мэргэжлийн тогоочтой байхыг шаарддаг байсан нь хэвээр үйлчилнэ. Мөн энэ жилээс бүтээгдэхүүний гарал үүслийн бичгийг нэмж шаардаж байгаа. Нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой." гэв.
Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөр болжээ.