НХЭГ-аас залуучуудын шилдэг гарааны бизнесийг шалгаруулна
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас нийслэлийн 9 дүүргийн Шилдэг “Старт-Ап” Залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн Шилдэг Старт-Ап залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд нийт 478 залуучуудыг бүртгэж, нэг дэх үе шат буюу “Гарааны бизнесээ эхлүүлэх” 54 цагийн арга хэмжээнд хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтийг хангасан 269 залуучуудыг хамруулсан байна. Харин хоёр дахь үе шат буюу “Бэлтгэл хурдасгуур” арга хэмжээнд 43 багийн 101 залуучуудыг менторын тусламжтайгаар бизнес санаагаа хөгжүүлэх үйл ажиллагааг 5 хоног буюу 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Арга хэмжээний 3 дахь үе шат буюу Хөрөнгө оруулагчид төслөө танилцуулах арга хэмжээг “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-д 2022 оны 07 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулна.