“Цагийн ажлын бирж“-ээр дамжуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй ЭЭЖҮҮДИЙГ ажлын байранд ЗУУЧИЛЖ байна
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг "Цагийн ажлын бирж" төвөөр дамжуулан зохион байгуулж байна.
Нийслэлийн 9 дүүргээс 0-3 насны гэртээ хүүхдээ харж, орлогоо нэмэгдүүлэх цагийн ажил хийх хүсэлтэй эмэгтэйчүүдийн судалгааг авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 829 ээж бүртгүүлсэн байна.
Энэ талаар Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга Э.Насанцогт "Хөдөлмөр эхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан 2022-2023 онд "Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид нийслэлийн 9 дүүргийн 0-3 насны хүүхдээ гэртээ харж байгаа орлогоо нэмэгдүүлэх, цагийн ажил хийх хүсэлтэй ээжүүдийг судалгаанд хамруулсан. 18 мэргэжлээр ажил хөдөлмөр эрхлэх ээжүүдийн судалгаа гарсан.
Өнөөдрийн байдлаар 20-иод аж ахуйн нэгжүүд манайд ажлын байрны захиалгаа ирүүлсэн бөгөөд хүүхдээ харж суудаг ээжүүд эхнээсээ ажлын байртай болж байна. Тиймээс ээжүүд судалгаанд бүртгүүлж, ажлын байраар хангагдаж өрхийн орлогоо нэмэгдүүлэн бидэнтэй хамтарч ажиллаарай гэж хүсэж байна." гэв.
"Цагийн ажлын бирж"-ээр дамжуулан оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах арга хэмжээг хэрэгжүүлсэн ба 2022 оны 6 дугаар сарын байдлаар
- Аж ахуйн нэгж байгууллага-131
- Бүртгэсэн ажил хайгч иргэн-1739
- Цагийн ажилд зуучилсан иргэн-1661 байна.
Ажил олгогчоос ирүүлсэн ажлын байрны захиалгыг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар ангилан авч үзвэл:
- Боловсруулах үйлдвэрийн салбарт-891
- Зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ-585
- Тээвэр агуулахын үйл ажиллагаа-101 тус тус бүртгэгдсэн байна.
Цагийн ажлын бирж нь багшийн дээдэд байрлах “Сонор плаза” төвийн 5 давхарт үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд иргэдийг цагийн ажилд бүртгэх зуучлах, оюутны цахим карт олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байна.