НХЭГ: Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн нэгдүгээр ээлжийн СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн 2022 оны нэгдүгээр ээлжийн 14 хоногийн сургалт Зэвсэгт хүчний 119 дүгээр анги дахь Хуурай замын цэргийн сургалтын төвд өнөөдөр эхэллээ.
Төслийн нэгдүгээр ээлжид Дундговь, Дорноговь, Төв, Сэлэнгэ, Ховд, Баянхонгор, Дархан-Уул аймаг болон нийслэлийн 5 дүүргийн 237 залуу хамрагдаж байна.
14 хоногийн хугацаанд тэд хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хувь хүний хөгжлийн олон талт сургалтад хамрагдаж, үндэсний томхон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна ажил олгогчид өөрсдийн хөдөлмөрийн нөхцөл боломжийг очиж танилцуулдаг уламжлалтай. Ингэснээр оролцогчид ажлын байрны дадлага хийх болон урт хугацаанд ажиллах боломжтой байгууллагаа сонгох боломжийг олгодог юм.
Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд зуучлах энэхүү төсөлд 18-34 насны сүүлийн 3 сар ажил хөдөлмөр эрхлээгүй залуучууд хамрагдах боломжтой бөгөөд бүртгэл долоодугаар сард дахин явагдана.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”- нд заасан залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн онд тус төсөлд 2389 залуу хамрагдсан юм гэж Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газраас мэдээллээ.