“Оршин суугч СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй тохиолдолд шүүхэд шилжүүлнэ”
Оршин суугчид болон Сууц Өмчлөгчдийн Холбоо /СӨХ/-ны хооронд багагүй маргаан дэгдээж, асуудал үүсгэдэг зүйлийн нэг нь төлбөрийн асуудал байдаг.
Зарим орон сууцны орцны үүдэнд урт хугацаанд төлбөрөө төлөөгүй айлуудын хаягийг үнийн дүнтэй нь бичиж наасан байх нь бий. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, хэчнээн өрх СӨХ-ны төлбөрийн өртэй байгаа талаар Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тодрууллаа.
Тэрбээр “Улсын хэмжээнд 1,600 орчим СӨХ бий. Үүнээс 905 нь манай холбоонд бүртгэлтэй байдаг. Тиймээс улсын хэмжээний СӨХ-ны төлбөрийн талаарх нарийн судалгаа, тоон мэдээлэл бидэнд байхгүй.
Харин 2021 оны байдлаар манайд бүртгэлтэй 905 СӨХ-ны айлуудын 40 хувь нь төлбөрөө төлөөгүй зургаан сар болчихсон буюу “найдваргүй авлага” гэсэн төлөвт байсан. Иймд тухайн үед Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс Авлага барагдуулах алба байгуулан айл өрхүүдэд үүссэн төлбөрийг эрчимтэй төлүүлсэн.
Харин 2022 он гарснаас хойш хэчнээн өрх төлбөрөө төлөөгүй байгаа тухай судалгааг одоогоор авч амжаагүй байна.
Ер нь СӨХ-ны ажиллагаанаас шалтгаалан авлага нь харилцан адилгүй байдаг. Тухайлбал, 60-70 хувь нь төлөөгүй, алдагдалд орчихсон СӨХ байдаг бол 1-2 айл нь л өгөөгүй буюу үйл ажиллагаа нь хэвийн, жигд ажилладаг СӨХ ч бий.
Хэрэв оршин суугч буюу тухайн айл өрх нь төлбөрөө зургаагаас дээш сар төлөөгүй тохиолдолд хуулийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөрөө барагдуулах эрх нь СӨХ-дод нээлттэй байдаг.
Мөн судалгаагаар хотхоны хэмжээний СӨХ-д авлага тэр бүр үүсээгүй ихэвчлэн хуучин орон сууцны айл өрхүүдэд авлага үүссэн нь их байсан” гэсэн юм.