ТӨВ ТАЛБАЙД: Хүнсний шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа үргэлжилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дотоодын хүнс үйлдвэрлэгч компани, ААН-үүдийн шинэ бүтээгдэхүүний хямдралтай, урамшуулалттай үзэсгэлэн, худалдаа Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6-8-нд үргэлжлэх уг үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэн худалдаанд үндэсний тодотголтой, салбар салбартаа манлайлагч үйлдвэрлэгч нар оролцож, шинэ шинэ бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж байна.
Тухайлбал, “Мон жүүс” компани Монголын анхны эрдэст артезиан цэвэр ус худалдаанд гаргажээ. Энэ нь газрын гүнийн усыг эрдэсийг алдагдуулаагүй шүүсэн, мөн дахин боловсруулсан саванд савласнаар, аль аль талаар экологийн цэвэр бүтээгдэхүүн болсныг танилцууллаа.