“Автомашингүй өдөр” бороотой, хүйтэн байна
Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Гэвч тавдугаар сарын 28-нд Улаанбаатар хот орчимд бороо, Хэнтий нурууны орчим, Мөнгөнморьт сумын чиглэлд бага зэргийн цас орохоор төлөвтэй байгаа юм байна. Өдөртөө +6+8 градус дулаан, бямбаас нямд шилжих шөнө 0-2 градусын хүйтэн байх аж. Тиймээс энэ өдөр гадуур гарах, гүйлтийн тэмцээнд оролцох хүмүүс дулаан хувцаслаж, даарч хөрсний улмаас ханиад томуу тусахаас сэргийлэхийг зөвлөж байна.