НМХГ: Муудсан маханд шинжилгээ хийхэд хугацаа нь дууссан, гарал үүсэл тодорхойгүй бодис илэрсэн
Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар НМХГ-аас мэдээлэл хийж байна.
Эмээлтэд байрлалтай “Эм Ди Си Пи” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон байна.
Энэ талаар НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар "Эм Ди Си Пи компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн.
Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.
Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан" гэв.