ЗӨВЛӨГӨӨН: Баянгол “хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч“ ЖИШИГ ДҮҮРЭГ болно
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан "хүүхэд ээлтэй дүүрэг болох, хүүхэд хамгааллын чиглэл"-ээр олон томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Энэ хүрээнд өчигдөр дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран “Хүүхдийн эрх” нэгдсэн аяны нээлтийг хийсэн.
Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ БИДНИЙ ОРОЛЦОО” зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгууллаа.
Зөвлөгөөнд ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, 25 хороодын хамтарсан баг, албаны бусад хүмүүс, эцэг эхчүүд оролцлоо.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд хөндлөнгийн хяналт тавих, гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, байгууллагын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгооор өнөөдрийн ийнхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
"Байгууллага болгон эцэг эхийн зөвлөлтэй, хажуудаа хүүхдийн өрөөтэй болохыг уриалж байна"
ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа: Хүүхдийн хөгжил хамгааллын асуудал орхигдож ирсэн. Бид өнөөдөр хүүхдийн ирээдүйд анхаарахгүй бол бидний ирээдүй хэрхэн гэрэлтэй байх юм бэ. Өнөөдөр хүүхдүүдэд хөгжих орчин байхгүй, гэртээ гар утсаараа тоглоом тоглоод байх нь бидний хүсэж байгаа зүйл мөн үү. Хүүхэд хөгжил хамгааллын асуудалд хүн бүхэн анхаарах ёстой. Ийм ч учраас Ерөнхий сайд ахалдаг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа нэгэн чухал тогтоол гарсны үр дүнд та бид өнөөдөр энэ танхимд сууж байна. Эцэг эхийн зөвлөлийг байгууллага бүрт байгуулагдаасай гэж хүсэж байна.
Эцэг эхийн зөвлөл нь тухайн байгууллагад ажиллаж байгаа ажиллагсдын хүүхдүүдэд чиглэсэн бодлогуудыг зангидаж явуулах үүрэгт оролцоотой. Хүүхэд хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг явуулах юм. Зөвхөн шинэ жил, хүүхдийн баяраар бэлэг өгөөд орхих биш.
Мөн байгууллага болгон хажуудаа хүүхдийн өрөөтэй болоосой гэж уриалж байна. Энэ бол хүүхдийг аюулгүй орчинд түр саатуулах өрөө. Тиймээс хүүхэд хамгааллын бодлогыг байгууллагуудын эцэг эхийн зөвлөл ч хэрэгжүүлээрэй гэж уриалж байна.
Хүүхдэд хамгааллын чиглэлээр энэхүү томоохон ажлыг зохион байгуулж байгаа БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа талархал илэрхийлье.
"Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна төр засгийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага иргэн бүрийн оролцоогоор хамгаалагдах ёстой "
БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хамгаалах хангах, хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүүхдэд ээлтэй орчиныг бүрдүүлж, Монгол улсын үе үеийн Засгийн газар тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал,1992-2002, 2002-2010 онуудад мөн 2017-2021 он хүүхэд хөгжил хамгааллын Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Гэвч хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хүн амын төвлөрөл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас шалтгаалж шийдвэр гаргах түвшинд бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа томчууд биднээс илүү их анхаарал хичээл зүтгэл шаардсан асуудлууд ар араасаа гарсаар байна. Нөгөө талаас хүүхэд багачуудын цахим хэрэглээ эрс ихсэж цахим тоглоомд донтох, нийгмийн сүлжээний замбараагүй хэрэглээ нэмэгдсэн зэрэг эрсдэл дагуулсан их байна. Бид технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, хүүхдэд нөлөөлсөн сэтгэцийн мансууруулах, донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй.
Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна төр засгийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага иргэн бүрийн оролцоо хамгаалагдах ёстой гэж үзэж байна. Төр засгийнхаа бодлого шийдвэрийг дунд, доод түвшинд хэрэгжүүлэх үндсэн үүргийнхээ хүрээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хэрэгжүүлж байгаа санал санаачлагуудыг дэмжин дүүргийнхээ байгууллага, эцэг эхийн зөвлөл байгуулж нэгдсэн удирдлага арга зүйгээр хангагдан ажиллах нь чухал. Өнөөдрийн байдлаар Монгол улсад нийт 92 байгууллага ажилтнуудынхаа хүүхдэд зориулсан өрөөг бэлтгэн гаргасан. Үүнийг хэлэхэд таатай байна" гэв.
"Хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэл сурталчлан таниулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хүүхдийн эрх" нэгдсэн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна"
БГД-ийн Прокурорын газрын дарга С.Гансэлэм: Нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйл, насан хүрэгчдийн санамсаргүй, болгоомжгүй байдлаас болж хүүхдийн эрхийн халдашгүй байдал олон талаар зөрчигдөж, хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй байна.
Улсын хэмжээнд 2021 онд 25429 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1365 буюу 5.3 хувь нь насанд хүрээгүй хүн гэмт хэргийн гэрч, хохирогчоор оролцсон тоон мэдээлэл гарсан. Үүнээс:
- 7 хүртэлх насны -158
- 8-15 насны -407
- 14-17 насны-800 гэмт хэргийн хохирогч, гэрчээр оролцсон бол,
2022 оны эхний хоёр сарын байдлаар 7866 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 366 буюу 4.5 хувьд нь насанд хүрээгүй хүн гэмт хэргийн гэрч, хохирогчоор оролцсон бөгөөд үүнээс
- 7 хүртэлх насны -13
- 8-15 насны -240 хүүхэд гэмт хэргийн хохирогч, гэрчээр оролцсон байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүүхэд хохирсон болон хүүхэд үйлдсэн гэмт хэргийн гарал шалтгаан нөхцөлийг 2021,2022 оны 1 улирлын байдлаар судлаж үзэхэд, хүүхэд хохирсон болон хүүхдийн үйлдсэн байж болзошгүй нийт 164 гэмт хэргийн талаар гомдол мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас,
- хүүхэд хохирсон-60
- хүүхэд холбогдсон-45 гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 47 хүүхэд хохирсон гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, хоёр хэргийг харъялалын дагуу шийдвэрлүүлжээ.
2021 онд хүүхэд хохирсон 21 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, үүнээс 24 хэрэг буюу 87.7 хувийг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэж, 3 хэрэг буюу 10.3 хувийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, 22 хэрэг буюу 6.8 хувийг мөрдөн байцаалтад шалгагдаж байна.
Прокурорын байгууллагаас Хүүхдийн эрхийн талаар хууль тогтоомжийг иргэд, олон нийтэл сурталчлан таниулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хүүхдийн эрх" нэгдсэн аяныг "Хүүхэд бүрт" уриан доор 2022 оны 3-р сарын 22-ноос 6-р сарын 10-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Мөн БГД-ийн Прокурорын газраас Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор ууршиг, түүнээс урьдчилсан сэргийлэх талаар сургалтыг тус дүүргийн 25-н хороодын нийгмийн ажилтан, үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ын 12 сургуулийн нийт сурагч, сурган хүмүүмжлэгч нарын дунд зохион байгууллаа." гэв.
"2022 оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 18 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай тоо бий"
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир: Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, эцэг эхчүүд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай байна. Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 хүртэлх насны хүүхдийг унадаг дугуйн зам буюу явган хүний зам дээр заавал харгалзах хүнтэй явна гэж зааж өгсөн. Харамсалтай нь эцэг, эхчүүд явган хүний замд хүүхдээ ганцааранг нь явуулж байна. Гадаа тоглох, дэлгүүрт хүртэл ганцааранг нь явуулж байна. Тиймээс эцэг эхчүүдийн анхаарал болгоомж, хариуцлага чухал байна.
Улсын хэмжээнд 2021 онд зам тээврийн ослын улмаас
- Амь насаа алдсан 51
- Хөнгөн зэргийн гэмтэл авсан 371,
- Хүнд, хүндэвтэр гэмтэл авсан-114 хүүхэд байна. Энэ бол маш харамсалтай тоо. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид бүхний хамтын оролцоо чухал байна.
2022 оны эхний дөрвөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 18 хүүхдийн амь хохирсон. Эдгээр 18 хүүхдийн
- 14 нь зорчигч
- 3 нь явган зорчигч
- 1 нь тээврийн хэрэгсэл жолоодож үед амь насаа алдсан.
Удахгүй амралт зугаалгын улирал эхэлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийн тээвэрлэлтэд анхаарч, аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг та бүхнээс хүсэж байна." гэв.