Б.СЭМЖИДМАА: Сувилагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талаараа ДЭМЖИН АЖИЛЛАНА
Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Монгол Улс “Сувилагчдын бие даасан байдал-Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор 25 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Өнөөдөр Баянгол дүүргийн ИТХ болон ЭМТ-өөс сувилагч нартаа хүдэтгэл үзүүлэх баярын хурлыг зохион байгууллаа. Арга хэмжээнд БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, ЭМТ-ийн дарга З.Балдандугар, орлогч дарга Ч.Түмэндэмбэрэл, ИТХ-ын төлөөлөгчид болон ЭМТ-ийн хамт олон, ажилтнууд оролцлоо.
Өнөөдөр сувилагч нарынхаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн алдаршуулж Алтан гадас одонгоор нэг, ЭМЯ-ны тэргүүний ажилтанаар 2, ЭМЯ-ны жуух бичгээр 2, БГДИТХ, тамгын газрын жуух бичиг, өргөмжлөлөөр 10 сувилагч тус тус шагнууллаа.
Баярын хурлыг нээж БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ цар тахлын хүнд үеүүдийг даван туулж байна. Бид алтан гартай, чадварлаг сувилагч нарынхаа ачаар эрсдэл багатай даван туулсан билээ. Баянгол дүүргийн ИТХ-аас 240 мянган иргэнийхээ эрүүл мэндийн төлөө хариуцлагатай, сэтгэл зүтгэлтэй ажилладаг нийт сувилагч нарынхаа мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, чадвахжуулах тал дээр дэмжин ажиллана. Баянгол дүүргийн хэмжээнд ЭМТ болон өрхийн эмнэлгүүдэд нийт 253 сувилагч ажиллаж байна. Цаашид бид бүхэн шийдвэр гаргах түвшинд анхаарч сувилагч мэргэжлээр сурах, ажиллах боломжийг нэмэгдүүлэхийн төлөө холбогдох байгууллагуудтай хамтран дэмжин ажиллах болно. Цагаан нөмрөгт баатрууд болох сувилагч нартаа Олон улсын сувилагчдын өдрийн мэндийг хүргэж эрүүл энх, ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхний минь ариун цагаан буян дэлгэрч явах болтугай” хэмээн онцоллоо.
Баярын хурлын үеэр БГД-ийн ЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ц.Түмэндэмбэрэл хэлэхдээ “Баянгол дүүргийн ЭМТ нь 25 өрхийн эмнэлэгтэйгээ хамтран дүүргийнхээ 240 мянган иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг. БГД-ийн ЭМТ-ийн хувьд 420 гаруй ажилтантай. Дүүргийн хэмжээнд ЭМТ болон ӨЭМТ нийлээд 253 сувилагч ажилладаг. Олон улсын сувилагчдын өдрийг баярын өдөр гэхээсээ илүү шинэ технологи нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан тусламж, үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Бид жил бүр онол, практикийн ЭШХ-ыг зохион байгуулдаг. Сүүлийн үед сувилагч нарын хувьд нэлээн залуужиж байна. Манай төвийн хувьд гүйцэтгэлээр санхүүждэг болсон учраас тодорхой шат дараатай цалин, урамшууллыг нэмээд явж байгаа. Гэвч эрүүл мэндийн салбарт ажиллах сувилагч нарын тоо дутмаг байдаг. Тиймээс БГД-ийн ИТХ-аас энэ тал дээр биднийг дэмжин ажиллахаар болсонд баяртай байгаа” гэлээ.